Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцах хүрээнд орон нутагт томилолтоор ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцлоо.
Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцуулав. “Хоёрдугаар сарын 28-ны байдлаар Дашбалбар, Чойбалсан, Халхгол сумдын нийт нутгаар “Цагаан зуд”-ын Цагаан-Овоо, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутгаар “Цагаан зудархуу” нөхцөлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Их хэмжээний цасан шуурганы улмаас малын хашаа саравч цасанд дарагдах, зам даваа хаагдан, мал олон тоогоор уруудсан хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж аймаг, сумдын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн газар дээр нь шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан.
Өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 7-ноос нийт нутгаар хүйтний эрч сулрах, 13-нд нийт нутгаар цас орох төлөвтэй байгаа бөгөөд бэлэн байдлыг ханган ажиллаж байна” гэлээ.
Аймгийн удирдлагаас зудтай сумдад дайчлагдан ажиллаж буй албан хаагчдын томилолт, техник хэрэгсэлд шаардагдах түлш, шатахууны дэмжлэг үзүүлэх, зарим сум, багт туулах чадвартай автомашин, зам гаргах,цас түрэх ковш шийдвэрлэх, мал сүргийн тавлаг байдлыг хангах, тал хээрийн бүсийн сумдын малчдын амьдрах орчныг сайжруулахад зөөврийн сууц болон зөөврийн битүү хашаа хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх зэрэг саналыг салбарын сайдад уламжилсан юм.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн аймаг, сумдын онцгой комиссынхонд уялдаа холбоогоо сайжруулж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд тулгуурлан бэлэн байдлыг ханган, үүссэн нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Тэрбээр үргэлжлүүлэн аймгийн Засаг дарга, Аймгийн онцгой комиссын гишүүдийн хамт Халхгол суманд ажиллана.
Мөн энэ үеэр “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг салбарын яамнаас цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл өгөв.

Дорнод аймаг өнгөрсөн онд аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг Засгийн газрын тогтоолоор баталснаас 5.3 дахин их буюу 660,8 тн 23 тн өвс тэжээл бэлтгэжээ.
2025 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд 2,7 сая толгой мал тоологдсон бөгөөд өвөлжилт хаваржилтын улмаас 3000 толгой гаруй мал хорогдсон. Үүний дийлэнх буюу 85,5 хувийг хоёрдугаар сарын 21, 25-д болсон цасан шуурганаар Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Сэлэнгэ, Баян-Уул, Чулуунхороот суманд хорогдсон мал эзэлж байгаа аж.













































































