Хойд Солонгосын албан ёсны хэвлэл KCNA-гийн мэдээлснээр, удирдагч Ким Жон Ун шинэ хөлөг онгоцыг албан ёсоор ашиглалтад оруулахаас өмнө хоёр өдөр тасралтгүй шалгаж, онгоцноос пуужин харваж туршсан байна. Тэрбээр тэнгисийн цөмийн зэвсгийг эрчимтэй хөгжүүлэхээ амалсан аж.
Ким Нампо хотын баруун эргийн усан онгоцны үйлдвэрт очиж, 5000 тоннын даацтай, Чо Хён нэртэй гурав дахь онгоцны барилгын явцыг шалгасан байна. Чо Хёныг анх 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулжээ. Онгоц агаарын болон тэнгисийн эсрэг зэвсэг, цөмийн чадамжтай баллистик болон нисгэгч пуужингаар тоноглогдсон гэж KCNA мэдээлсэн байна.
Өмнөх ижил ангиллын онгоц Чонжин боомтод туршилтын буруугаас эвдэрсэн бөгөөд Ким үүнийг “хууль бус” гэж шүүмжилж байжээ. Шинэ онгоц Канг Кон нэртэйгээр засварлагдаж, дахин туршсан ч зарим шинжээчид бүрэн ажиллагаанд бэлэн эсэхэд нь эргэлзэж байгаа аж.
Ким онгоцны далайн туршилтын дараа Чо Хёныг “Үйл ажиллагааны шаардлага хангаж байна” гэж дүгнээд, улсын тэнгисийн чадамжийг өргөжүүлж буй бэлгэдэл гэж нэрлэжээ. Мөн ирэх таван жилийн хугацаанд жилд нэг ижил зэрэглэлийн онгоц барихыг уриалсан байна.
Ким Чо Хёноос нисгэгч пуужингийн туршилтыг ажиглахдаа эдгээр зэвсгийг “стратегийн”, цөмийн чадамжтай гэж нэрлэжээ. Цаашид тэрбээр тэнгисийн хүчнийг хөгжүүлэхэд анхаарал төвлөрүүлж, цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны барилгын ажил руу чиглүүлж буйгаа хэлсэн байна.
Зарим шинжээчид Хойд Солонгос Өмнөд Солонгосын хяналттай усанд халдах магадлалтай далайн хилээ албан ёсоор зарлахад бэлдэж байж магадгүй гэж үзэж байна. Ким мөн Умард хязгаарын шугамыг (Northern Limit Line) хүлээн зөвшөөрдөггүйгээ давтан мэдэгджээ.
Ажилчны намын их хурлын үеэр тэрбээр цөмийн арсеналыг өргөжүүлэх төлөвлөгөөгөө бататгаж, Өмнөд Солонгос болон АНУ-д аюул учруулах зэвсгийн системүүдийг хөгжүүлэхээ онцолсон аж. Гэвч Трампын засгийн газартай харилцах боломжоо нээлттэй үлдээж, урт хугацаанд тасалдаж байсан хэлэлцээний нөхцөл болох цөмийн зэвсгээс татгалзах шаардлагыг болиулахыг шаардаж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: YAHOO













































































