Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Монгол, Норвегийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангагдсан норвегийн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгаатай талууд санал нэгдлээ. Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Норвег болон Нордикийн орнуудын зах зээлд нийлүүлэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж байгааг онцоллоо.
Иргэд хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолж, түүх, соёлын хамтарсан судалгаа хийх, монгол судлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Тухайлбал, визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр холбогдох хэлэлцээрүүдийг байгуулах санал тавилаа.
Сайд нар олон улсын харилцааны тулгамдсан зарим асуудлаар ярилцсан бөгөөд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.
Манай улс “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” НҮБ-ын тогтоолыг Норвег Улстай хамтран санаачилж батлуулсан бодит үр дүнг тэмдэглэж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх ”Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд норвегийн тал идэвхтэй оролцож ирснийг сайшаав.
Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч буйг дурдаж, ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Норвегийн талаас дээд түвшинд оролцохыг урилаа.














































































