Монгол Улсын Засгийн газар Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Энэ талаар талийгаачийн аав, Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбуу мэдээлэв.
Тэрбээр “Хүн хүний хүчинд, гол ус гольдрилоороо урсдаг гэдэг. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг Ерөнхий сайдтай уулзах гэж байгаа тухай мэдээлэл нэлээд гарсан.
Миний хувьд Монголын төрд анх удаа хандаж байна. Төр засаг маань сайхан хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч байгаад талархаж байна” хэмээн ярив.
С.Шаарийбуугийн хэлснээр, Малайзын Засгийн газар өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ хэргийн хүрээнд өөрийнх нь эсрэг гомдол гарган, төр нь иргэн хүнтэй шүүхээр маргалдаж ирсэн нь түүнд маш хүнд ачаа болсон аж. Иймд тэрбээр Малайз улсын Холбооны дээд шүүхэд давж заалдах шийдвэр гаргасан байна.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар уг хэрэгт албан ёсоор оролцох эрх зүйн боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид Малайз, Австрали улсуудтай хэрхэн хамтран ажиллах асуудлыг судлахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор хүний эрхийн байгууллагын төлөөлөл, хуульчид болон Засгийн газрын холбогдох албадаас бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Мөн тэрбээр “Сүүлд дундын дансанд байсан мөнгийг Малайзын Засгийн газар буцаан татсан. Гэхдээ тэд намайг мөнгөний төлөө явж байна гэж ойлгож байгаа бололтой. Үнэндээ миний хүсэж байгаа зүйл бол эцсийн дүндээ ‘уучлаарай’ гэсэн ганц үг юм. Бид төртэй улс. Төр минь миний төлөө ажиллахаар болж байгаад би маш их баяртай байна” хэмээн онцоллоо.
Талийгаач Ш.Алтантуяагийн хэргийн үнэн мөнийг тогтоож, шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэл 20 орчим жилийн турш үргэлжилж буй бөгөөд Монголын талын оролцоо ийнхүү нэмэгдэх нь хэргийн шийдэлд ахиц авчирна гэсэн хүлээлт олны дунд байна.












































































