Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болдтой холбоотой олон төрлийн мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр цацагдаж, түүний нэр хүнд болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлэхэд хүргэж буй.
Мэдээллүүдийн агуулга, давтамж, чиглэл зэргээс харахад, энэ бүхэн санамсаргүй бус, тодорхой зорилготой зохион байгуулалттай кампанит ажиллагаа байж болзошгүй гэх хардлага ч улс төрийн хүрээнд яригдах болов. Учир нь, цагдаагийн байгууллага улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдийн оролцоотой байж болзошгүй хэд хэдэн ноцтой хэргийг нэгэн зэрэг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан.
Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих зорилготой 20 сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй асуудал шалгагдаж байгаа бөгөөд уг хөрөнгийн тодорхой хэсгийг “Монгол хаан” жүжигт зарцуулсан байж болзошгүй гэх мэдээлэл ч хөндөгдөөд буй.
Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Э.Болормаа нарыг яллагдагчаар татсан хэрэг, Л.Оюун-Эрдэнэ болон Б.Тулга нартай холбоотой байж болзошгүй хилийн бүсийн газрын наймааны асуудал, цаашлаад Hero Entertainment-ын н.Баатар нарын “Гэрэгэ тауер”-ын 15 давхартай холбоотой маргаантай хэрэг зэрэг нь бүгд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий.
Ийм олон нөлөө бүхий этгээдүүдийн эрх ашиг огтлолцсон хэргүүдийг нэгэн зэрэг шалгаж байгаа нөхцөлд ЦЕГ-ын удирдлагад улс төрийн болон мэдээллийн дарамт ирэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.
Нөгөө талд Ж.Болдын өөрийнх нь албан тушаал, томилгоотой холбоотой маргаан даамжирч буй. Тэрбээр өмнө нь Г.Занданшатар Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж, Төрийн ордонд албан өрөөтэй байсан, 2025 онд дахин зөвлөхөөр татагдан ажилласан гэх мэдээлэл бий.
Харин 2020 онд ЦЕГ-ын даргаар томилогдож, 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдөл өгсөн нь тухайн үеийн улс төр, бизнесийн хүчний тэнцвэртэй давхацсан цаг хугацаа байсныг зарим эх сурвалж онцолдог.
Маргааны гол анхаарал татаж буй зүйл нь түүнийг ЦЕГ-ын даргын ажлаа өгсний дараа ч цагдаагийн байгууллагаас цалин, нийгмийн даатгалаа төлүүлж байсан гэх мэдэгдэлтэй холбоотой.
Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Ж.Болд Ерөнхий сайдын зөвлөхөөр албан ёсоор томилогдоогүй, улс төрийн албан тушаал хашиж байгаагүй” хэмээн тайлбарласан.
Гэвч хэрэв тэр төрөөс цалинжиж байсан бол Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй бөгөөд энэ асуудал дээр тодорхойгүй байдал үүсээд байна. Авлигатай тэмцэх газарт гаргасан түүний хамгийн сүүлийн ХОМ 2022 онд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэчлэгдээгүй байна.
2022 оны мэдүүлэгт өөрийн орлого 73 сая төгрөг, гэр бүлийн орлого 7.2 сая төгрөг, 835 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, хоёр авто зогсоол, 64 сая төгрөгийн мал, 15 сая төгрөгийн газар, 77.5 сая төгрөгийн хадгаламж, “Женкотур бюро” ХХК-д эзэмшдэг хувьцааг дурдсан байдаг.
Ингэснээр Ж.Болд руу чиглэсэн мэдээллийн давлагаа нь нэг талаар улс төрийн нөлөө бүхий хэргүүдийг шалгаж байгаатай холбоотой шахалт байж болзошгүй ч нөгөө талаар албан тушаал, цалин хөлс, ХОМ-ийн ил тод байдлын асуудал нь өөрөө хууль зүйн маргаан дагуулах нөхцөл болж буй аж.
Эцсийн дүндээ энэ асуудал нь “харлуулах ажиллагаа” юу, эсвэл төрийн өндөр албан тушаалтны ил тод байдлыг нэхсэн зүй ёсны шаардлага уу гэдгийг зөвхөн бодит баримт, хөндлөнгийн шалгалт л тодорхой болгох боломжтой юм.












































































