Гуравдугаар сарын 3-ны мягмар гаргийн өглөө Нидерланд дахь Европын хамгийн том биржийн төв болох Title Transfer Facility (TTF)-д дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн фьючерс хийн үнэ нэг мегаватт/цаг нь 59.44 евро хүрч өссөн тухай Deutsche Presse-Agentur (dpa) мэдээлжээ. Энэ нь өмнөх өдрөөс 30 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2023 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшин юм.
Гуравдугаар сарын 1-нд дэлхийн шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-н нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувийг хангадаг Катарын үндэсний нефть, хийн компани Qatar Energy Иран Рас-Лаффан, Месаид хот дахь үйлдвэрлэлийн байгууламжууд руу нь пуужингаар довтолсны улмаас дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн болон дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдсэн. Үйлдвэрлэлээ хэзээ сэргээх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэ мэдээний дараа дэлхийн зах зээл дээрх хийн үнэ огцом өсжээ.
Долоо хоногийн эхнээс хойш Европ дахь хийн үнэ 80 гаруй хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч энэ өсөлт Орос улс Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлж байсан дөрвөн жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад доогуур үзүүлэлт аж. Тухайн үед TTF дээрх үнэ богино хугацаанд нэг мегаватт/цаг нь 300 евро давж байв.
Газрын тосны үнэ ч дайны нөлөөгөөр өсөв
Хойд тэнгист олборлодог Brent crude маркийн нефтийн үнэ гуравдугаар сарын 3-ны өглөө 8 гаруй хувиар өсөж, нэг баррель нь 85.12 ам.доллар (73.38 евро) хүрсэн нь 2024 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болов. АНУ-ын гол сорт болох West Texas Intermediate нефтийн үнэ мөн 7 гаруй хувиар өсөж, нэг баррель нь 76.47 ам.доллар (ойролцоогоор 65.92 евро)-т хүрсэн байна.
Хоёрдугаар сарын 28-нд Израиль, АНУ-ын Ираны эсрэг явуулж эхэлсэн цэргийн ажиллагааны эхний өдөр Иран улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувийг дамжуулдаг Strait of Hormuz хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийг хааж эхэлжээ. Тус бүсэд хэд хэдэн нефтийн танкер халдлагад өртсөн тухай мэдээлэл байна.
Эх сурвалж: DW











































































