Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.03.04/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таныг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай холбоотой мэдээллийг тарааж, гүтгэж байна гэх?
-Нэгдүгээрт, би “Шинжиан Шинфа” гэх компанийг дээрэмдсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Хоёрдугаарт, “Зэс-Эрдэнийн хувь” гэх компаниас 60 тэрбум төгрөг хулгайлах ажлыг би хийгээгүй. Нийгмийн сүлжээг харж байхад хохирогчид өөрсдөө энэ асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан.
Харин эсрэгээрээ “Зэс-Эрдэнийн хувь” компани дээр намайг оролцоотой маягийн юм Э.Бат-Амгалангийн хэвлэлийн алба болон Баянзүрх дүүргийн зарим хороодын Засаг дарга нарын посттой холбоотойгоор гарч ирсэн. Үүнд би өөрийн цахим хуудсаар дамжуулан “Үүнийгээ боль” гэсэн ганцхан удаагийн жиргээ хийсэн. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг хулгай хийсэн хүн л сандарч, гэлбэлздэг биз дээ. Надад хэн нэгнийг гүтгэж, доромжлох цаг зав байхгүй. Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд явах зав надад алга.
-Э.Бат-Амгалан сайд “Надад нийслэлийн МАН-ын дарга болох туршлага бий” гэж Бага хурлын үеэр хэлсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Тэгвэл хурлаа хуралдуулаад аваач дээ, чаддаг юм бол. Өөрөө ил тод “Би намын дарга болмоор байна” гэж хэлсэн. Манай нам дүрэм, журамтай. Чаддаг бол хурлаа зарлуулаад авна л биз дээ. Чадахгүй бол “болмоор байна” гэж дарга нарын үүд сахиж, анкетаа бариад явах шаардлагагүй.
Хурал зарлах өөрийн гэсэн дүрэм журамтай. Би Нийслэлийн намын даргаар сонгогдоод, нэг жил арван сар болж байна. 2024 оны тавдугаар сард энэ ажлыг хүлээж авсан. Намын дүрмээр бол би дөрвөн жилийн хугацаатай намын даргын ажлыг хийгээд, хугацаа дуусахад ажлаа дүгнүүлж, дараагийн хурлаа хийх ёстой. Үндсэндээ хоёр л арга бий.
Нэгдүгээрт, хурлаа зарлуулж, ил тод өрсөлдөх. Хоёрдугаарт, намайг хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж үзэж байгаа бол хууль, хяналтын байгууллагаар хүчирхийлүүлж, авч болно шүү дээ. Заавал энд тэнд гоншигнож явалгүй, энэ хоёр аргынхаа нэгийг л сонгох хэрэгтэй шүү дээ.
Надад хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав алга. Өдөр, шөнөгүй хаврын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. “ДЦС-5”-ын газар шорооны ажил эхэлсэн. Туулын хурдны замын газар шорооны ажил эхэлсэн явж байна. Гандан, Ногоон нуурын тохижилтын ажил эхэлж байна. Газар чөлөөлөлттэй холбоотойгоор иргэдтэй өдөр, шөнөгүй уулзаж ажиллаж байгаа учраас зав алга байна.
-Намаас танд шахалт үзүүлээд байгаа зүйл байгаа юу. Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өг гэдэг ч юм уу?
-Огт алга байна. Би Намын даргатай уулзсан, Ерөнхий сайдтай уулзсан. Намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Бага хурлын үеэр бараг л гурав хоног цуг байцгаалаа ш дээ. Ажлаа урагшаа хараад хийцгээе ирэх оны сонгуулиудад бэлтгэе, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллая гэдэг зүйл л ярьсан.













































































