Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлд “Сенчири-5” бондыг амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй арилжаалж, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын 321.6 сая ам.долларын буцаан худалдан авах өрийн зохицуулалт хийжээ.
Энэхүү алхмын үр дүнд Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын төлбөрийг бууруулж, 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээжээ.
Энэ амжилт нь АНУ, Израиль Иран руу хийсэн дайралтын улмаас олон улсын санхүүгийн зах зээлд үүссэн огцом савлагааны үед ч Монгол Улс өөрийн бондыг амжилттай арилжаалсан гэдгээр онцлогтой.
Сангийн яамны мэдээлснээр, хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, өрийн удирдлагын бодлогыг өндөр үнэлж, арилжаанд идэвхтэй оролцжээ. Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байхгүй байсан үед, “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч, анх зарласан хэмжээнээс 3.2 дахин их болсон нь хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр, эрэлт хүчтэй байгааг харуулж байна.













































































