Газар дундын тэнгист Оросын шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) тээвэрлэгч “Arctic Metagaz” хөлөг шатаж байна. Энэ талаар гуравдугаар сарын 3-ны мягмар гарагт Reuters агентлаг усан тээвэр болон далайн аюулгүй байдлын салбар дахь эх сурвалжуудын мэдээллийг үндэслэн мэдээлжээ.
Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, хий тээвэрлэгч хөлөг Украины тэнгисийн дроны цохилтод өртсөн байж болзошгүй аж. Хөлгийн багийнхны хувь заяа одоогоор тодорхойгүй байна гэж Reuters мэдээлжээ. Харин The Times of Malta сонинд багийн гишүүдийг аварч, ойролцоох өөр хөлөг онгоцонд шилжүүлсэн гэж бичсэн байна.
Reuters-ийн мэдээлснээр, Arctic Metagaz хөлөг гуравдугаар сарын 2-ны орой Мальта улсын эргийн ойролцоо хамгийн сүүлд дохио илгээжээ.
Грекийн Нафтемборики сонинд мэдээлснээр, гал гуравдугаар сарын 3-ны өглөө орон нутгийн цагаар 04:00 цагийн үед (Берлиний цагаар 03:00, Москвагийн цагаар 05:00) Ливийн эргийн ойролцоо гарчээ. Тус сонин хөлөг дронуудын цохилтод өртсөн байх магадлалтай бөгөөд халдлагыг Украин зохион байгуулсан байж болзошгүй гэж таамагласан ч үүнийг нотлох баримт дурдаагүй байна.
Гал гарсныг далайн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Грекийн Diaplous Group компанийн төлөөлөгч gCaptain сайтад баталжээ.
Arctic Metagaz Хятад руу хий тээвэрлэдэг
Arctic Metagaz нь Оросын “Арктик СПГ-2” терминалаас нийлүүлдэг хоригт орсон шингэрүүлсэн байгалийн хийг Хятадын өмнөд эргийн Бэйхай боомт руу тээвэрлэдэг ойролцоогоор арван хөлгийн нэг юм.
2026 оны хоёрдугаар сарын 24-нд тус хөлөг Мурманскийн боомтоос ачилт хийсний дараа хөдөлсөн бөгөөд Египетийн Суэц боомтыг чиглэн явж байсан байж магадгүй гэж gCaptain мэдээлжээ. 2024 оноос хойш уг хөлөг АНУ болон Их Британийн хоригт багтсан аж.
Эх сурвалж: DW












































































