2026 оны гуравдугаар сарын 3-нд болсон “Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг үдээс хойш “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг” сэдвээр үргэлжлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяагийн модераторлосон энэ хэсэгт Иргэний хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг судалсан тавдугаар багийн тайланг танилцуулан, гэм хор болон үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалт нь Иргэний хуулийн суурь институт болохыг онцолж, 2002 онд батлагдсан хуулийн хэрэгжилтийг шүүхийн практикт дүгнэх шаардлагатайг дурдлаа.
Үндсэн илтгэлд холбогдох зүйл, заалтуудын зохицуулалт хэт хязгаарлагдмал, ойлгомжгүй, системчлэл сул байгаа нь хэрэглээний зөрүү үүсгэж буйг тэмдэглэж, амьтны учруулсан гэм хорыг хариуцах зохицуулалтад уламжлалт мал аж ахуйн онцлогт нийцсэн нэмэлт хувилбар оруулах, мөн үндэслэлгүй хөрөнгөжих тухай зохицуулалтыг илүү цэгцтэй, иж бүрэн хэрэглэх шаардлагатайг тайлбарлав.

Хэлэлцүүлгийн үеэр эдийн бус гэм хорыг хэмжих шалгуур, хамтран гэм хор учруулсан этгээдийн хүрээ, хуулийн нэр томьёо, хэл зүйн нэгдмэл байдлыг сайжруулах асуудал хөндөгдөж, Японы эрдэмтэд өөрийн улсын иргэний эрх зүйн зохицуулалт, шинэчлэлийн туршлагыг танилцуулсан юм.

Эцэст нь, хэлэлцүүлэгт оролцогчид Иргэний хуулийн ерөнхий анги, өмчийн эрх, үүрэг ба гэрээ, өв залгамжлал, олон улсын хувийн эрх зүй, үндэслэлгүй хөрөнгөжих болон гэм хорын зохицуулалтад үзэл баримтлалын болон системийн шинэчлэл хийх, нэр томьёо, найруулгыг цэгцлэх, хууль хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хэлэлцүүлгийг хааж үг хэлэхдээ Иргэний хууль батлагдсанаас хойш 24 жилийн дараа анх удаа хэрэгжилтийг бүхэлд нь судалж байгааг онцолж, уг судалгаа нь хувийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын ажлын эхлэл болж байгааг тэмдэглэн, цаашид тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхийг уриаллаа.













































































