Өмнөд Солонгосын дэлхийд алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé Их Британийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадам болох BRIT Awards-аас шагнал хүртсэн анхны K-pop уран бүтээлч болов.
46 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ бямба гараг (Их Британийн цагаар)-т болж, Rosé Америкийн поп од Bruno Mars-тай хамтран дуулсан “APT.” дуугаараа “Олон улсын шилдэг дуу” шагналын эзэн болсон байна.
Тэрбээр шагналаа Манчестер хотод гардан авахдаа “Хамтлагийнхаа Жэнни, Жисү, Лиса нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та нар минь надад үргэлж урам, зориг өгдөг. Хайртай шүү, охид оо. Энэ шагнал бол бид хоёрынх. Миний хамгийн том багш, хамгийн сайн найз Брунодоо баярлалаа” хэмээн онцлоод, мөн The Black Label-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий продюсер Тэддид талархлаа илэрхийлжээ.
Rosé-ийн анхны бие даасан студийн цомог “rosie” албан ёсоор гарахаас өмнө цацагдсан “APT.” дуу 2024 оны аравдугаар сард гарсан даруйдаа дэлхий даяар хит болж, түүхэн амжилтуудыг тогтоосон юм.
Тус дуу Billboard Hot 100 жагсаалтад 45 долоо хоног дараалан бичигдэж, K-pop уран бүтээлүүдээс хамгийн удаан хугацаанд тус жагсаалтад багтсан дуугаар тодорч, гуравдугаар байрт хүртэл дэвшжээ.
Мөн Их Британийн Official Singles Chart Top 100 жагсаалтад хоёрдугаар байрт бичигдэн, нэг жил гаруйн хугацаанд тогтвортой байр сууриа хадгалсан нь Rosé-ийн дэлхийн хөгжмийн зах зээл дэх нөлөөг дахин нотолсон үйл явдал болов.
Эх сурвалж: YONHAP













































































