“Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү” арга хэмжээний хүрээнд “Бүтээмжтэй, ур чадвартай ажиллах хүч бэлтгэх, нэмэгдүүлэх боломж, арга зам” сэдэвт панел хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдав.
Тус хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав төр, хувийн хэвшил, боловсролын салбар болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, Монгол хүний бүтээмжийг дэлхийн түвшинд хүргэх, ур чадварын зөрүүг арилгах шийдлүүдийг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан судалгааны өгөгдөл Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж бүс нутгийн болон дэлхийн дунджаас бага байгааг харууллаа. 2023 оны байдлаар нэг ажилласан цагт ногдох гарцаар манай улс 17.5 долларын бүтээмжтэй байгаа нь Япон улсаас 3.0 дахин, БНСУ-аас 2.6 дахин бага үзүүлэлт юм. Энэ нь иргэдийн амьдралын чанар, цалин хөлсний өсөлтөд шууд саад болж буй гол хүчин зүйл болж байна.
Мөн IMD World Talent Ranking 2025 тайлангаар Монгол Улс талентын өрсөлдөх чадвараараа 69 орноос 69-р байранд буюу хамгийн сүүлд жагсжээ. Ялангуяа “Хөрөнгө оруулалт ба хөгжүүлэлт” болон “Бэлэн байдал” гэсэн үзүүлэлтүүд маш доогуур гарсан нь боловсролын систем зах зээлийн шаардлагад нийцэхгүй байгааг гэрчлэв.
Тус панел хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир залуучуудын ажилгүйдэл 12.9 хувь буюу нийт дунджаас 2.7 дахин өндөр байгааг онцолж, боловсролын систем ажил олгогчийн шаардлагад нийцсэн практик ур чадвар олгоход чиглэх ёстойг тэмдэглэв.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хөдөлмөрийн бүтээмжийг эдийн засгийн тогтвортой өсөлт, инновацийг нэвтрүүлэх гол хөдөлгүүр болохыг тодорхойлсон.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав бизнесийн салбарт бүтээмж нэмэгдсэнээр цалин нэмэх бодит боломж бүрддэг ч өнөөдөр боловсролын байгууллагуудын бэлтгэж буй боловсон хүчин болон бизнесийн бодит эрэлт хоёрын хооронд “ур чадварын ангал” байгааг шүүмжлэв.

Түүнчлэн МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, ажлын байран дээрээ тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлэх нь бүтээмжийг өсгөх суурь нөхцөл болохыг хэлсэн. Мөн ажил олгогчийн төлөөлөл MCS групп “Төгсөгчдийн 70 гаруй хувь нь ур чадвараа зөвхөн ажил дээр гараад олж авч буй нь дадлагын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд чанаржуулах шаардлагатайг харуулж байна” гэлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд боловсролын хөрөнгө оруулалтыг эрэлттэй мэргэжил рүү чиглүүлэх, ажлын байран дээрх сургалтыг дэмжих, залууст мэргэжлийн чиг баримжаа олгоход төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатайг дүгнэв.
Энэхүү арга хэмжээ нь хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд Монгол Улс “ур чадвар, мэдээлэл, бүтээмж”-ийг хослуулан тогтвортой өсөлтөд хүрэх ёстойг бататгасан чухал алхам боллоо.












































































