AFP агентлагийн ням гаргийн шинжилгээгээр, ОХУ хоёрдугаар сард Украиныг чиглүүлэн шөнө дунд өгсөн пуужингийн цохилт өмнөх саруудаас хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд голчлон Украины эрчим хүчний дэд бүтцүүд рүү чиглэсэн байна.
Украины агаарын цэргийн өгөгдлийг ашиглан хийсэн дүн шинжилгээнд дурдсанаар, ОХУ хоёрдугаар сард Украиныг чиглүүлэн 288 пуужин харвасан нь нэгдүгээр сарын 135 пуужинтай харьцуулахад ойролцоогоор 113 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Энэ нь Украиныг чиглэсэн шөнийн пуужингийн цохилтын хамгийн өндөр тоо бөгөөд Киевийн агаарын цэргийн хүч 2023 оны эхнээс тогтмол статистик нийтлэх болсон цагаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнөх рекорд нь 2025 оны 10 дугаар сард тогтоогдож, ОХУ-ын цэрэг Украиныг чиглүүлэн 270 пуужин харваж байсан аж.
Украинд ойрд тохиогоогүй хамгийн хүйтэн өвөл болж, ОХУ-ын цохилтоос үүдэлтэй дулаан болон цахилгааны тасалдал нь хэдэн зуун мянган иргэнийг хүйтэн, харанхуйн дунд оруулсан бөгөөд 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайны үеийн хамгийн ноцтой эрчим хүчний хямрал үүсгэжээ.
Киев ба түүний холбоотнуудын мэдээлснээр, ОХУ дөрөв дэх жилдээ Украинд эрчим хүчний сүлжээг чиглэсэн цохилтууд хийж, иргэдийн амьдрах нөхцлийг муутгах стратеги хэрэгжүүлж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 1-нд, Украины уламжлалт хаврын эхний өдөрт зориулан цахим сүлжээндээ “Украинчууд бүх бэрхшээлийг даван туулж, энэ хүнд өвлийг давлаа.
Өвлийн гурван сард ОХУ 14670 гаруй агаарын бөмбөг, 738 пуужин, ойролцоогоор 19000 довтолгооны дрон (гол төлөв Орос-Ираны ‘Shahed’ төрлийн дронууд)-ыг манай ард түмэн рүү харважээ” гэж бичсэн байна.
Украин даяар цахилгааны тасалдал үргэлжилж, эрчим хүчний дутагдлыг зохицуулах арга хэмжээ авч буй аж.
Олон улсын эрүүгийн шүүх 2024 онд ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудад Украины эрчим хүчний объектыг чиглүүлэн цохилт өгч, “иргэдэд хэт их хохирол учруулах” дайны гэмт хэрэгт холбогдуулан баривчлах захирамж гаргасан.
Хоёрдугаар сард ОХУ шөнийн цохилтын үеэр Украины хот, тосгод руу 5059 дрон харвасан нь нэгдүгээр сартай харьцуулахад ойролцоогоор 13 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хариуд нь Киев ОХУ-ын газрын тосны агуулах, нефть боловсруулах үйлдвэрүүдийг чиглүүлэн дроны цохилт өгч, Кремлийн дайны санхүүжилтийг хангадаг гол орлогын урсгалыг таслахыг оролдсоор буй юм байна.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES











































































