Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ, Израилын явуулсан ажиллагааны үеэр амиа алдсан тухай мэдээллийг Ираны төрийн мэдээллийн Tasnim, IRNA, ISNA, Mehr, Fars агентлагууд баталсан. Fars агентлагийн мэдээлснээр, Хаменеи өөрийн өргөөнд байхдаа амиа алдсан бөгөөд хоёрдугаар сарын 28-ны үүрээр амь үрэгдсэн гэсэн байна.
Дээд удирдагч нь амь үрэгдсэнтэй холбогдуулан Ираны Засгийн газар 40 хоногийн бүх нийтийн гашуудал, 7 хоногийн бүх нийтийн амралт зарлажээ. Хаменеи сүүлийн 36 жил Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг удирджээ. Бид АНУ-Израилийн Иранд өгсөн цохилтын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Аятолла Алиреза Арафи Ираны түр дээд удирдагчаар томилогджээ

Аятолла Алиреза Арафи Ираны Исламын Бүгд Найрамдах Улсад шинэ дээд удирдагчийг сонгох хүртэл хугацаанд улсыг удирдах түр удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон байна. Энэ талаар гуравдугаар сарын 1-ний ням гарагт Ираны Улс төрийн зохистой байдлыг тодорхойлох зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Мохсен Дехнави мэдэгджээ.
Дехнави X сүлжээнд “Үндсэн хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн хамгаалагчдын зөвлөлийн нэг хуульч түр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд заавал багтах ёстой. Үүний дагуу Улс төрийн зохистой байдлыг тодорхойлох зөвлөл аятолла Алиреза Арафиг уг зөвлөлийн гишүүнээр сонгосон. Ингэснээр улсын удирдлага тасралтгүй үргэлжилж, Шинжээчдийн зөвлөл байнгын дээд удирдагчийг аль болох хурдан сонгох боломж бүрдэнэ” хэмээн бичжээ.
Өдгөө 67 настай Арафи нь шиит шашны нөлөө бүхий зүтгэлтэн бөгөөд амиа алдсан Ираны дээд удирдагч Али Хаменеин итгэлт хүн байсан аж. Тэрбээр Үндсэн хуулийн хамгаалагчдын зөвлөл болон Ираны дээд удирдагчийг сонгодог Шинжээчдийн зөвлөлийн гишүүн юм байна.
Аятолла Хаменейн амь үрэгдсэн нь
Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи хоёрдугаар сарын 28-нд Тегеран хотод АНУ, Израилийн хамтарсан агаарын ажиллагааны үеэр амь үрэгджээ. Түүний нас барсантай холбогдуулан Ираны эрх баригчид улс даяар 40 хоногийн гашуудал зарлаж, иргэдэд долоон өдрийн бүх нийтийн амралт олгосон байна. Хаменеи Ираны Исламын Бүгд Найрамдах Улсыг 30 гаруй жил удирдсан аж.
Мөн тухайн өдөр Иран улс дээд удирдлагын бусад төлөөлөгчдөө алджээ. Тэдний дотор Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын командлагч Мохаммад Пакпур, Хаменейн аюулгүй байдлын зөвлөх Али Шамхани нар байсан аж.
Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, шинэ дээд удирдагч сонгогдох хүртэл улсыг гурван хүний бүрэлдэхүүнтэй түр удирдах зөвлөл удирдах юм байна. Арафигаас гадна уг зөвлөлд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, мөн шүүх эрх мэдлийн тэргүүн Голям Хосейн Мохсени-Эджеи нар багтах аж.
Эрх мэдлийн төлөө нэр дэвшигч
Ираны сүүлчийн шахын хүү, цөллөг дэх Ираны сөрөг хүчний хамгийн нэр нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг Реза Пехлеви улс орныг удирдах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Тэрбээр гуравдугаар сарын 1-нд The Washington Post сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Олон иранчууд амь насаа эрсдэлд оруулан, сумны дороос хүртэл надаас энэхүү шилжилтийг удирдахыг хүссэн. Би тэдний зоригт бөхийж, тэдний дуудлагад хариулсан” хэмээн бичжээ.
Пехлевигийн хэлснээр, цаашдын зам тодорхой: бүх нийтийн санал асуулгаар батлагдсан шинэ Үндсэн хууль, дараа нь олон улсын хяналт дор чөлөөт сонгууль явуулах аж. Тэр “Иранчууд санал өгсний дараа шилжилтийн засгийн газар татан буугдана” гэж онцолсон байна.
Тэрбээр Иран улс Иракийн дайны дараах “алдаануудыг” давтахгүй гэж амалжээ.
Пехлеви “Төрийн байгууллагуудыг тараахгүй, эрх мэдлийн хоосон зай үүсгэхгүй, эмх замбараагүй байдал бий болгохгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Ираныг түр хугацаанд удирдана

Иран улсыг гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл түр хугацаанд удирдана гэж тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Уг зөвлөлд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, шүүх засаглалын тэргүүн Голямхосейн Мохсени Эйе, Үндсэн хуулийн цэцийн үүрэг гүйцэтгэдэг Хамгаалагчдын зөвлөлийн гишүүдээс нэг нь багтах ажээ.
Тэд Ираныг захирч байсан Али Хаменеин үүргийг түр хугацаанд гүйцэтгэх бөгөөд 88 нөлөө бүхий шажны номлогчоос бүрдсэн Сэцдийн зөвлөл шинэ удирдагчийг сонгох хүртэл улс орныг удирдана. Ираны хуулийн дагуу Сэцдийн зөвлөл нь шинэ дээд удирдагчийг аль болох хурдан сонгох үүрэгтэй. Хаменеиг залгамжлагч хэн байх нь одоогоор тодорхойгүй байна.
Аятолла Али Хаменеи хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын цэргүүдийн өргөн хүрээтэй цохилтод өртөн амиа алдсан болохыг Ираны төрийн телевиз баталжээ. Түүнийг амиа алдсантай холбогдуулан Ираны эрх баригчид орон даяар 40 хоногийн гашуудал зарласан байна.
Эх сурвалж: TASS
Иранаас Израил, Булангийн орнууд руу дахин цохилт өгчээ

АНУ, Израилийн цэргүүдийн өгсөн цохилтын хариуд Ираны зэвсэгт хүчин ням гарагт Персийн булан дахь Америкийн баазууд, Иракийн Курдистанд байрлах баазууд болон Израилын хотуудад дахин цохилт өгөв.
АНУ, Израилийн хамтарсан цохилтын үеэр өчигдөр Ираны дээд удирдагч Али Хаменеи амь үрэгдсэн. Израилийн Батлан хамгаалах арми Иранд дахин цохилт өгснөө мэдэгдэв.
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын мэдэгдэж байгаагаар, Америкийн 27 бааз, мөн Израилын нисэх хүчний Тель-Ноф бааз, Израилийн армийн төв байр, Тель-Авив дахь батлан хамгаалах аж үйлдвэрийн томоохон цогцолбор луу довтолжээ.
Ираны зэвсэгт хүчин бүс нутаг дахь АНУ, Израилийн байгууламжууд руу довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариу цохилт өгөхгүй байхыг Иранд уриалжээ. Трамп Truth Social нийгмийн сүлжээндээ “Иран улс урьд хожид байгаагүй хүчтэй цохилтыг өнөөдөр өгнө гэж дөнгөж сая мэдэгдлээ. Тэд үүнийг хийхгүй байсан нь дээр, учир нь үгүй бол бид тэдэнд өмнө нь байгаагүй хүчтэй цохилт өгөх болно!” гэж бичсэн байна.
Ням гарагт АНЭУ-ын Дубайд, Катарын нийслэл Доха хотод, мөн Оманд дэлбэрэлт болжээ.
Эх сурвалж: BBC
Ираны дээд удирдагч нас барсан тухай мэдээний дараа Германы хэд хэдэн хотод олон мянган хүн жагсав

Гуравдугаар сарын 1-ний ням гарагт, Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи нас барсан гэх мэдээллийн дараа Германы хэд хэдэн хотод олон мянган хүн гудамжинд гарч жагсжээ. Иранд эрх чөлөө уриалсан жагсаалууд ялангуяа Берлин, Дюссельдорф, Франкфурт-на-Майне хотуудад болсон байна.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр, Берлин хотын Бранденбургийн хаалга орчимд дор хаяж 1800 хүн цугларчээ. “Хунтайж Реза Пехлевигийн удирдлага дор Иранд эрх чөлөө” нэртэй энэхүү арга хэмжээнд анх 5000 хүн бүртгүүлсэн байсан аж.
Жагсаалд оролцогчид “Иран, Иран”, “Баярлалаа, АНУ”, “Баярлалаа, Трамп”, “Баярлалаа, Биби” зэрэг уриа лоозон хашгирч байсан аж. Биби гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-г хэлж байгаа аж.
Эх сурвалж: DW
Трамп: Иран хэлэлцээг дахин эхлүүлэхийг хүсэж, АНУ зөвшөөрсөн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-Израилийн цохилтын дараа Ираны шинэ удирдлага АНУ-тай хэлэлцээг дахин эхлүүлэх санал тавьсан тухай мэдэгджээ.
Трамп гуравдугаар сарын 1-ний ням гарагт “The Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тэд ярилцахыг хүсэж байна, би зөвшөөрсөн. Тиймээс би тэдэнтэй ярилцана. Тэд үүнийг илүү эрт хийх ёстой байсан. Маш бодитой, хялбар санал эрт тавих ёстой байлаа. Тэд хэт удаан хүлээлгэсэн” гэж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ яг хэзээ эхлэх талаарх асуултад хариулахаас татгалзсан байна. Тэрбээр сүүлийн хэдэн долоо хоногт Вашингтон Ираны зарим хэлэлцээчидтэй холбоо тогтоож байсан ч тэдний зарим нь цэргийн цохилтын улмаас амь үрэгдсэн гэж хэлсэн байна.
Трамп “Тэд хэлэлцээр байгуулж болох байсан. Үүнийг эрт хийх ёстой байлаа. Тэд хэтэрхий зальтай хандсан” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Иранд явуулж буй ажиллагаа “төлөвлөснөөс хурдан” өрнөж байна
Трамп CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Иранд явуулж буй ажиллагаа “маш сайн урагшилж байна” гэжээ. Тэр “Энэ бол түүхэн дэх хамгийн харгис дэглэмүүдийн нэг. Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, бүх дэлхийн төлөө ажлаа хийж байна. Бүх зүйл төлөвлөснөөс хурдан өрнөж байна” хэмээн хэлээд, мөн үйл явдал “маш эерэг чиглэл”-тэй болсныг онцолжээ.
Трамп Fox News-д өгсөн ярилцлагадаа “Хэрвээ АНУ, Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлээгүй бол “Иран хоёр долоо хоногийн дотор цөмийн зэвсэгтэй болох байсан” гэж мэдэгдсэн байна. Тэр “Тэгвэл энэ бүхнийг зогсоох боломжгүй байх байсан” гэж нэмж хэлжээ.
Израиль, АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагаа

Израиль, АНУ хоёрдугаар сарын 28-ны өглөө Ираны нийслэл Тегеран болон тус улсын бусад бүс нутгууд руу цохилт өгсөн. Дональд Трамп Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын цөмийн хөтөлбөрийг бүрэн устгах зорилготой байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрбээр Ираны армийг зэвсгээ хураахыг, харин ард иргэдийг “өөрсдийн хувь заяаг өөрсдийн гарт авах”-ыг уриалсан.
Үүний хариуд Иран Израиль болон Ойрхи Дорнодын бусад улс орнуудын нутаг дэвсгэр рүү цохилт өгөв. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал хоёрдугаар сарын 28-нд Ираны цохилтоос үүдсэн “хохирол бага, ажиллагаанд нөлөөлөөгүй” гэж мэдэгдэж байсан ч гуравдугаар сарын 1-нд уг цохилтын улмаас АНУ-ын гурван цэрэг амь үрэгдэж, тав нь хүнд шархадсан болохыг мэдээлжээ.
Израиль-Америкийн цэргийн ажиллагааны хоёр дахь өдөр Ираны тал цохилтын улмаас тус улсын дээд удирдагч Али Хаменеи, мөн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд, түүний дотор Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде, Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын командлагч Мохаммад Пакпур нар амь үрэгдсэнийг батлав.
Эх сурвалж: DW












































































