Ким Жон Ун пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос улс аюул заналхийлэл учирсан гэж үзвэл Өмнөд Солонгосыг бүрэн устгах чадвартай хэмээн анхааруулж, хурц байр суурь илэрхийлжээ. Тэрбээр ийнхүү мэдэгдэхдээ хоёр Солонгосын хооронд дахин хэлэлцээ эхлүүлэх боломжийг үгүйсгэсэн байна.
Пёньян хотноо болж буй Хөдөлмөрийн намын IX их хурлын үеэр Ким Жон Ун Өмнөд Солонгосыг “хамгийн аюултай дайсан” хэмээн тодорхойлж, тус улсын одоогийн засгийн газрын эвлэрэх өнгө аястай мэдэгдлүүдийг “өнгөн дээрээ эвлэрсэн мэт боловч болхи, хуурмаг” гэж шүүмжилснийг төрийн мэдээллийн “Korean Central News Agency” агентлаг дамжуулжээ.
Түүний хэлснээр, хэрэв Өмнөд Солонгос Хойд Солонгосын эсрэг “өдөөн хатгасан үйлдэл” хийвэл Пёньян “ямар ч төрлийн арга хэмжээ авахад бэлэн” бөгөөд Сөүл хот “бүрэн сүйрэхийг үгүйсгэхгүй” хэмээн анхааруулсан байна.
Цөмийн хөтөлбөрөө улам тэлнэ

Их хурлын үеэр Ким Жон Ун ойрын таван жилийн бодлогын зорилтоо танилцуулжээ. Үүний гол цөм нь цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг өргөжүүлэх асуудал аж.
Шведийн Stockholm International Peace Research Institute-ийн өнгөрсөн жилийн үнэлгээгээр Хойд Солонгос ойролцоогоор 50 цөмийн хошуу эзэмшиж буй. Нэмэлтээр 40 орчим цөмийн зэвсэг үйлдвэрлэх хэмжээний материалтай ажээ.
Ким Жон Ун “Манай улсын олон улсын байр суурь урьд өмнө байгаагүйгээр өссөн” хэмээн онцлоод, цөмийн зэвсгийн тоо болон ажиллагааны боломжийг өргөжүүлэх төслүүдэд анхаарахаа мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр уснаас хөөрөх боломжтой тив алгасагч баллистик пуужин, хиймэл оюунд суурилсан зэвсэг, нисгэгчгүй дрон зэрэг шинэ үеийн зэвсгийн системүүд хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ.
АНУ-тай харилцах боломжийг үгүйсгэсэнгүй
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай гурван удаа уулзаж байсан Ким Жон Ун цаашид Вашингтонтой хэлэлцээ хийх боломжийг бүрэн хаагаагүй ч хариуцлагыг АНУ-д шилжүүлжээ.
Тэрбээр “Бид энх тайвнаар зэрэгцэн орших уу, байнгын сөргөлдөөнд шилжих үү гэдгийн аль алинд нь бэлэн. Харин сонголт биднээс шалтгаалахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Ким Жон Ун “Хэрэв АНУ Хойд Солонгосын эсрэг “сөргөлдөөнт бодлогоосоо татгалзаж”, тус улсын одоогийн статусыг хүлээн зөвшөөрвөл “хоорондоо ойлголцох боломж бүрэн бий” гэж онцолжээ.
Охины оролцоо олны анхаарал татав

Их хурлын дараа болсон цэргийн парадад Ким Жон Уны өсвөр насны охин Жу эцэгтэйгээ хамт оролцсон нь олны анхаарлыг татав. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрбээр Хойд Солонгосын цөмийн хүчнийг хариуцдаг “Пуужингийн захиргаа”-нд удирдах түвшний үүрэг гүйцэтгэж эхэлсэн байж болзошгүй аж.
Эх сурвалж: KCNA, REUTERS, FOX NEWS












































































