Монгол Улс 2025 оны Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index, GPI)-ийн тайланд Ази тивийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарчээ.
Энэхүү индексийг Австрали улсад төвтэй Institute for Economics and Peace (IEP) байгууллага жил бүр боловсруулдаг.
Дэлхийн 163 улс, нутаг дэвсгэрийг нийгмийн аюулгүй байдал, дотоод болон гадаад зөрчилдөөн, цэрэгжилтийн түвшин зэрэг 20-иос дээш шалгуур үзүүлэлтээр, 1-5 хүртэлх оноогоор үнэлдэг байна. Оноо бага байх тусам энх тайвны түвшин өндөртэйд тооцогддог аж.
Тайланд улс орнуудыг нийгмийн аюулгүй байдал ба хамгаалалт, үргэлжилж буй зөрчилдөөн, цэрэгжилт гэсэн гурван үндсэн чиглэлээр үнэлж, эцсийн эрэмбийг гаргажээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын энх тайвны индексийн үзүүлэлт тогтмол сайжирч, дэлхийн шилдэг 50 улсын тоонд байнга багтаж ирсэн нь онцлох үр дүн юм.
Тодруулбал, Монгол Улс 2015 онд 2.22 оноогоор дэлхийд 42 дугаарт бичигдэж байсан бол 2025 онд 1.719 оноо авч, Азид 5-дугаарт, дэлхийд 163 улсаас 37-д эрэмбэлэгдлээ.

Азийн бүсийн жагсаалтыг Сингапур тэргүүлсэн бол удаах байруудад Япон, Малайз, Бутан улсууд жагсаж, Монгол Улс тэдний дараагаар бичигдсэн байна. Ингэснээр Монгол Улс Вьетнам, Тайвань, Өмнөд Солонгос, Зүүн Тимор, Лаос зэрэг бүс нутгийн олон улсыг ардаа үлдээжээ.
Тайланд дурдсанаар, Монгол Улс нь улс төрийн харьцангуй тогтвортой орчин, гадаад зөрчилдөөн багатай байдал, мөн нийгмийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ бүс нутагтаа давуу үнэлгээ авсан байна. Энэ нь Монгол Улсын энх тайванч гадаад бодлого, дотоод тогтвортой байдлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйг илтгэж буй юм.
Мөн GPI-ийн тайланд Ази–Номхон далайн бүс нутаг дэлхийд энх тайвны түвшнээрээ хоёрдугаарт бичигдсэн хэвээр байгаа ч бүс нутгийн нийт аюулгүй байдлын түвшин бага зэрэг буурсан хэмээн дүгнэжээ.
Гэсэн хэдий ч Индонез улс терроризмтой тэмцэх чиглэлд гаргасан ахиц дэвшлээрээ сүүлийн таван жилд энх тайвны үзүүлэлт хамгийн их сайжирсан орноор нэрлэгдсэн байна. Харин Мьянмар улс иргэний дайн үргэлжилж байгаатай холбоотойгоор бүс нутгийн хамгийн тогтворгүй орон хэвээр байгааг тайланд онцолжээ.
Энэхүү мэдээллийг MiddleAsianNews мэдээлсэн бөгөөд Дэлхийн энх тайвны индексийн 19 дэх удаагийн тайлан нь дэлхийн хүн амын 99.7 хувийг хамарсан, энх тайвны түвшинг хэмжих хамгийн нэр хүндтэй олон улсын үзүүлэлт хэмээн тооцогддог байна.
Эх сурвалж: GLOBAL PEACE INDEX, OPEN KG












































































