Украины Гадаад хэргийн яам Словак болон Унгарын ерөнхий сайд нарын, Украины нутгаар дамжих Оросын нефтийн транзит зогссонтой холбогдуулан Украинд нийлүүлэх цахилгаан эрчим хүчээ тасалж магадгүй гэсэн мэдэгдлийг “шантааж” хэмээн үнэлжээ.
Мөн тэднийг “ультиматум” буюу тодорхой шаардлагыг богино хугацаанд заавал биелүүлэхийг тулган шаардаж буйг Киевт бус, Кремльд хандуулах”-ыг уриалсан байна.
Энэ нь Украины Гадаад хэргийн яамнаас бямба гарагт, хоёрдугаар сарын 21-ний орой нийтэлсэн албан ёсны мэдэгдэлд дурдагджээ.
Уг мэдэгдэлд, Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцэд хүчтэй цохилтууд өгч, хүйтний эрч чангарч байгаа энэ үед цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг зогсоох нь “хариуцлагагүй үйлдэл” бөгөөд “бүх бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлнэ” гэж онцолсон байна.
Мөн Украин Унгар болон Словакт Оросоос бус өөр эх үүсвэрээс нефть нийлүүлэх өөр хувилбар шийдлүүдийг санал болгосон гэж мэдэгдэлд дурджээ.
“Дружба” хоолойгоор дамжих Оросын нефтийн нийлүүлэлт нэгдүгээр сарын сүүлээр зогссон
Өмнө нь Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо хэрэв Киев хоёрдугаар сарын 23-ны даваа гараг хүртэл “Дружба” нефть дамжуулах хоолойгоор Оросын нефтийн транзитыг сэргээхгүй бол Украинд нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг зогсоож магадгүй гэж мэдэгдсэн. Үүнтэй төстэй мэдэгдлийг Унгарын эрх баригчид ч хийсэн байна.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибигагийн хоёрдугаар сарын 12-нд мэдээлснээр, нэгдүгээр сарын 27-ноос хойш “Дружба” хоолойгоор дамжих нийлүүлэлт Украины нутаг дэвсгэр дэх уг хоолойн хэсэгт Орос агаарын цохилт өгсний улмаас зогсжээ.
Харин Братислава болон Будапештын эрх баригчид Киев транзитыг улс төрийн шалтгаанаар зориуд сэргээхгүй байна гэж үзэж байгаа аж.
Энэ нөхцөл байдлын улмаас Унгарын нефть, хийн компанийн MOL хоёрдугаар сарын 16-нд тус улсын Эрчим хүчний яаманд хандаж, стратегийн нөөцөөс ойролцоогоор 250 мянган тонн нефть гаргаж өгөх хүсэлт тавьжээ.
Харин хоёрдугаар сарын 18-нд Словакийн засгийн газар “нефтийн салбарт онц байдал” зарлаж, дотоодын хамгийн том нефть боловсруулах үйлдвэр болох Slovnaft-д 250 мянган тонн нефть хуваарилсан байна. Тус үйлдвэрийн ихэнх хувьцаа MOL компанид харъяалагддаг аж.
Мөн уг үйлдвэр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангахын тулд дизель түлшний гадаад нийлүүлэлтийг, үүнд Украин руу гаргадаг нийлүүлэлтийг ч зогсоож буйгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW












































































