Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдара шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай.
Энэхүү уламжлал ёсоор билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд нар Гандантэгчэнлин хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдара бурханд мандал өргөлөө.
Мандал өргөх нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Энэхүү ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг “Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг” сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд “Шимийг авах” гэсэн утгатай билээ.
Мандал өргөснөөр эд баялаг хураах, сүсэг бишрэлийг арвитгах, хилэнц бүхнийг арилах, буяны чуулганыг агуу ихээр хураах, бясалгал тэргүүтэн онолын эрдэм төрөхийн уг шалтгаан болох, багш дээдсүүд болон бурхад бодисадва нарыг баясгах, туулсан бурханы хутгийг олох зэрэг агуу их тус эрдэмтэй хэмээн бурханы номд айлджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.












































































