Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины Аюулгүй байдлын алба (УАБА)-нд “цэвэрлэгээ” явуулах болсноо зарлажээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 16-ны даваа гарагт тус албаны даргын үүрэг гүйцэтгэгч Евгений Хмар болон түүний орлогч Александр Поклад нараас Оросын ажиллагаануудтай тэмцэх чиглэлээр хийж буй ажлын тайланг сонссон тухайгаа мэдээлсэн байна.
Зеленский оройн мэдэгдэлдээ “Александр Поклад мөн Украинд бус, өөр ашиг сонирхолд үйлчилж буй хүмүүсээс УАБА-ыг цэвэрлэх ажлыг хариуцна. Хатуу арга хэмжээ хэрэгтэй, бодитоор хүчирхэг УАБА байх ёстой. Би үр дүнг нь хүлээж байна” хэмээн онцолжээ.
УАБА-ны генералын эсрэг мөрдөн шалгалт
Мөн энэ өдөр Украины авлигын эсрэг тусгай прокурорын газар (АЭТПГ) УАБА-ны өндөр албан тушаалтан нэгэнтэй холбоотой урьдчилсан мөрдөн шалгалт дууссаныг мэдэгдсэн байна.
Албан ёсны мэдээлэлд нэр, албан тушаалыг дурдаагүй ч “Украинская правда”-д мэдээлснээр уг хэрэг Илья Витюктэй холбоотой аж.
УАБА болон АЭТПГ-тэй хамтран хийсэн шалгалтаар, сэжигтэн 2023 оны арванхоёрдугаар сард 21.6 сая гривенийн үнэтэй орон сууц худалдан авч, гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгүүлсэн нь тогтоогджээ.
Харин гэрээнд орон сууцны үнийг 12.8 сая гривен гэж тусгасан байна. Мөнгөний эх үүсвэрийг тайлбарлахын тулд тухайн гэр бүлийн гишүүн “Хувиараа бизнес эрхлэгчийн хувиар хууль, зөвлөх үйлчилгээ үзүүлж олсон орлого” гэж мэдүүлжээ.
Гэвч мөрдөн байцаалтаар, эдгээр орлого нь “Укрзализныця” компанийн хөрөнгийг завшсан гэмт бүлэглэлтэй холбоотой этгээдээс орж ирсэн байж болзошгүй нь тогтоогдсон аж.
Улмаар орон сууц худалдан авахад зарцуулсан үлдсэн 8.8 сая гривений хууль ёсны эх үүсвэрийг нотлож чадаагүй байна.
УАБА-ны удирдлагын өөрчлөлт
Зеленский энэ оны нэгдүгээр сард УАБА-ны удирдлагыг сольж, даргын үүрэг гүйцэтгэгчээр Евгений Хмарыг томилсон. Түүнээс өмнө 2022 оны долдугаар сараас хойш уг албыг Василий Малюк удирдаж байв.
Албан тушаалаасаа чөлөөлөгдөхдөө Малюк УАБА-ны системд үлдэж, “дэлхийн түвшний асимметрик тусгай ажиллагаа”-г хэрэгжүүлэхэд оролцоно хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW












































































