Германийн канцлер Фридрих Мерц (Friedrich Merz), Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер (Keir Starmer) болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте (Mark Rutte) Украиний Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, Оросын эхлүүлсэн дайны өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
Уулзалт “Берлин форматын” хүрээнд хоёрдугаар сарын 13-ны баасан гарагт Мюнхений аюулгүй байдлын хурлын үеэр боллоо.
Энэхүү формат нь Европын Холбооны олон орон, Европын холбооны болон НАТО-гийн удирдагчдыг нэгтгэдэг гэж AFP агентлаг сануулсан байна. Өмнө нь Мерц Зеленскийтэй хоёр талын уулзалт хийжээ.
Түүнээс өмнө Бавари мужид Украиний удирдагч Германийн Батлан хамгаалахын сайд Борис Писториус (Boris Pistorius) нарын хамт Германтай хамтран дрон үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн аж.
Женев дэх уулзалтууд
Кремлийн мэдээлснээр, ирэх долоо хоногт Орос, Украины төлөөлөгчид болон АНУ-ын төлөөлөгчдийн оролцоо бүхий хэлэлцээ Женевт болохоор төлөвлөгдсөн байна. Уг хэлэлцээ хоёрдугаар сарын 17, 18-нд явагдах аж.
Украины Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч энэ мэдээллийг баталсан байна. Өмнөх хоёр хэлэлцээ Абу-Дабид АНУ-ын зуучлалтайгаар болсон ч үр дүнд хүрээгүй.
MSC дээр үг хэлэхдээ Мерц Оростой хэлэлцээ дахин эхлэх боломжийн талаар болгоомжилсон байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Хэлэлцээ хийх боломж байвал бид бэлэн” гэж мэдэгдсэн ч Орос одоогийн байдлаар “чухал хэлэлцээ хийхэд” бэлэн бус гэж үзэж байгаа аж.
AFP: Макрон Москва руу дипломат зөвлөхөө илгээв
Мэдээлэлтэй эх сурвалжуудын өгүүлснээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон (Emmanuel Macron) өнгөрсөн долоо хоногт дипломат зөвлөхөө Москва руу илгээж, хэлэлцээ дахин эхлэхэд бэлтгэж эхэлжээ гэж AFP мэдээлсэн байна.
Макрон ойрын ирээдүйд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг оролцуулан холбоо харилцааг сэргээх нь “утга учиртай” гэж үздэг аж.
Мюнхений аюулгүй байдлын 62 дахь удаагийн хурал хоёрдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Бавари мужийн нийслэлд болж буй.
Энэ хуралд 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн болон 100 гаруй улсын батлан хамгаалахын сайд нар оролцож байгаа ажээ.
Эх сурвалж: DW












































































