АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Украины удирдагч Владимир Зеленский ‘ажиллаж эхлэхгүй бол’ энхийн боломжоо алдана” гэж мэдэгдэв.
АНУ-ын төрийн тэргүүн хоёрдугаар сарын 13-ны баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийнхүү хэлсэн байна.
Трамп “Орос хэлэлцээр хийхийг хүсэж байна, харин Зеленский ажиллаж эхлэх хэрэгтэй. Үгүй бол тэр маш сайхан боломжийг алдана. Тэр хөдөлж эхлэх ёстой” хэмээн хэлснийг AFP агентлаг иш татжээ.
“Бид НАТО-той маш сайн харилцаатай”
Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож буй дэлхийн удирдагчдад ямар мессэж дамжуулахыг хүсэж байгааг нь сэтгүүлч асуухад АНУ-ын ерөнхийлөгч “Ганцхан мессэж бий — бид НАТО-той маш сайн харилцаатай” гэж хариулсан байна.
Түүний хэлснээр, эвслийн гишүүн орнуудын удирдагчид бүгд “түүний найзууд” ажээ.
Рубио: Европ бидэнд чухал
АНУ-ын Ерөнхийлөгч энэ удаагийн Мюнхений аюулгүй байдлын форумд оролцохгүй аж. Энэ жил Америкийн төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ахалж, хоёрдугаар сарын 14-нд оролцогчдод хандан үг хэлэхээр төлөвлөжээ.
2025 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнсийн (Жей Ди Вэнс) 20 минутын илтгэл трансатлантын харилцааг ширүүсгэж, Европын орнууд аюулгүй байдлын асуудлаар Вашингтоноос бага хамаарах хэрэгтэй гэсэн ойлголтыг нэмэгдүүлсэн.
Мюнхен рүү нисэхийн өмнө АНУ-ын дипломат албаны тэргүүн Рубио илүү тайвшруулах өнгө аястай мэдэгдэл хийсэн гэж DPA агентлаг мэдээлжээ.
Тэр “Европ бидэнд чухал” гэж хоёрдугаар сарын 13-нд сэтгүүлчдэд хэлсэн байна. Мөн Рубио “АНУ Европтой нягт холбоотой бөгөөд бидний ирээдүй үргэлж холбогдсон хэвээр байх болно” гэж нэмж хэлжээ.
62 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал хоёрдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Баварийн нийслэлд болж байна. Уг арга хэмжээнд 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн болон ойролцоогоор 100 орны батлан хамгаалахын сайд нар оролцож буй аж.
Женев дэх хэлэлцээ
Мөн хоёрдугаар сарын 13-ны баасан гарагт, Оросын эхлүүлсэн Украины дайныг зохицуулах гурван талт хэлэлцээний дараагийн шатны цаг, байршил тодорхой болсон байна.
Кремлиэс мэдээлснээр Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчдийн дараагийн уулзалт хоёрдугаар сарын 17, 18-нд Женев хотод болох аж.
Украины Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч энэ мэдээллийг баталжээ. АНУ-ын зуучлалаар Абу-Дабид болсон өмнөх хоёр шатны хэлэлцээ тодорхой ахицгүй байв.
Эх сурвалж: DW












































































