Тува улсын дарга Владислав Ховалыг Буддын боловсрол, судалгааг дэмжих сангийн Хяналтын зөвлөлийн хурал дээр “2026 оны зун Тувад болох Олон улсын буддын IV форумыг зохион байгуулагчид буддизмын үзэл санаанд үнэнч Холливудын, дэлхийн кино урлагийн оддыг урьж оролцуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгджээ.
2025 оны хоёрдугаар сард Тува бүс нутагт Олон улсын буддын IV форумыг зохион байгуулах санаачилга гарсан байна. Энэ форумыг өмнө нь хоёр удаа Буриад, нэг удаа 2025 оны есдүгээр сард Халимагт зохион байгуулсан байна.
Тувад форум зохион байгуулах саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Буддын боловсрол, судалгааг дэмжих сан, К.С.Шойгугийн нэрэмжит Соёлын сан дэмжсэн байна.
Тувын дарга Владислав Ховалыг хэлэхдээ “Форумыг зохион байгуулах бүрэн дэмжлэгийг ОХУ-ын Гадаад хэргийн яам үзүүлэхээр төлөвлөсөн. БНХАУ, Монгол, Шри-Ланка, Мьянмар, Непалын Элчин сайдуудтай уулзалт зохион байгуулж, форумд оролцох төлөөлөгчдийг илгээх асуудлаар хэлэлцсэн.
Ховалыг мөн “Буддизмын үзэл санаанд үнэнч дэлхийн кино урлагийн алдартнуудыг урьж оролцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд Жэки Чан, Киану Ривз, Ричард Гир, Стивен Сигал, Марк Дакаскос болон бусад алдартнууд багтсан” гэж мэдээлсэн байна.
Тэрбээр цааш нь тайлбарлахдаа, форумын сэдвийг Хамба лам нар, буддын нийгэмлэг, шашны судлаачид хамтран тодорхойлж, “Буддизм соёлын харилцан ярианд: хүний ирээдүй” хэмээн нэрлэсэн байна.
Энэ уриа нь буддизмыг хаалттай шашин, философийн систем гэж бус, амьдралд хэрэгтэй, идэвхтэй, олон улсын соёлын харилцаанд чухал нөлөөтэй үйлдэл гэж харуулахад оршиж буй аж.
Форумын зорилго нь ёс зүй, мэргэн ухаан, энэрэл зэрэг универсаль байдлаар хүн төрөлхтний гол асуудлыг шийдэх, илүү зохицсон ирээдүйг бүтээхэд чиглэж буй юм байна.
Ховалыг “Энэ нь зөвхөн форумын сэдэв биш, стратегийн үзэл, эрхэм зорилго юм” гэж нэмж хэлжээ.
Форумыг урьдчилсан байдлаар 2026 оны наймдугаар сарын 17-ноос 20-ны хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд бараг 20 орны шашны болон нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийг оролцуулахаар төлөвлөсөн байна.
Форумын соёлын хөтөлбөрт 40 гаруй арга хэмжээ багтжээ. Тувад буддизм нь үндсэн шашнуудын нэг юм.
Эх сурвалж: TASS












































































