Европын парламентын хоёрдугаар сарын 10-нд болсон “Украины эрчим хүчний системд хийсэн халдлагад Европын үзүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн гол дүгнэлтэд:
“ОХУ өвлийн хамгийн хүйтэн үед Украины цахилгаан станцууд болон бусад чухал дэд бүтцэд халдаж, украинчуудын эсэргүүцэл, сэтгэл зүйг сулруулахыг зорьж байна.
Ийм нөхцөлд Европын үүрэг нь зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна Украинд зэвсэг нийлүүлж, агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг нь бэхжүүлэх, мөн ОХУ-ын эсрэг 20 дахь багц хориг арга хэмжээг батлах явдал” гэж дурджээ.
Москва өвлийг зэвсэг болгон ашиглаж байна
Европын комиссын өргөтгөлийн асуудал хариуцсан комиссар Марта Кос хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, Украины эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэж буй халдлагууд нь санамсаргүй бус, харин иргэдийг харанхуй, хүйтэнд оруулах зорилготой системтэй цохилтууд гэж онцолсон байна.
Тэр “ОХУ өвлийг зэвсэг болгон ашиглаж, хүмүүнлэгийн гамшиг бий болгохыг оролдож байгаа ч эдгээр харгис үйлдэл хариуцлага дагуулна, Европ ОХУ-д үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлнэ” гэжээ.
Косын мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сараас хойш ЕХ Украины эрчим хүчний системийг тогтворжуулах, сэргээх, Европын сүлжээнд нэгтгэхэд “урьд өмнө байгаагүй” хэмжээний дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ хугацаанд ЕХ нийт 1.3 тэрбум еврогийн хүмүүнлэгийн тусламж олгожээ. 2026 онд ч дэмжлэг үргэлжлэх бөгөөд эхний ээлжид 153 сая евро (үүнээс 145 саяыг Украинд, 8 саяыг Молдавт) хуваарилахаар төлөвлөсөн байна.
Мөн ЕХ-ны Иргэний хамгаалалтын механизмаар дамжуулан Украинд 11 мянга гаруй генератор, 7000 гаруй трансформатор нийлүүлжээ.
Кос “Гэвч Украины эрчим хүчний системийг жинхэнэ утгаар нь хамгаалахыг хүсвэл түүний тэнгэрийг хамгаалах ёстой. Энэ нь илүү олон агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужинг яаралтай нийлүүлэхийг хэлнэ. Гишүүн орнуудыг шуурхай арга хэмжээ авахыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна.
“ОХУ геноцидтой дүйцэх гэмт хэрэг үйлдэж байна”
Германы социалист бүлгийн депутат Тобиас Кремер “Саяхан Киевт очсон Европын парламентын гишүүд Украины энгийн иргэдийн эсрэг “Путины террор бодитой” болохыг өөрсдийн нүдээр харсан” гэж ярьжээ.
Тэр “Тулааны талбарт ялж чадахгүй учраас Путин эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд зэрэг энгийн иргэдийг онилж байна. -27°C хүйтэнд украинчууд дулаан, цахилгаан, усгүй үлдэж байгаа ч бууж өгөхөд бэлэн нэг ч хүнтэй би таараагүй” гэж хэлсэн байна.
Литвийн либерал депутат Пятрас Ауштрявичюс өвлийн хамгийн хүйтэн саруудад Украины дулааны цахилгаан станцуудыг пуужингаар харвасан нь үндэсний хэмжээний хүмүүнлэгийн хямрал үүсгэж, олон зуун мянган хүнийг хохироож байгааг онцолжээ.
Түүний хэлснээр, Украины эрчим хүчний дэд бүтцийг устгах нь геноцид болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй дүйцэх үйлдэл бөгөөд тусгай шүүхээр хэлэлцэх ёстой аж.
Мөн тэрбээр ийм нөхцөлд ЕХ Украины тэнгэрийг хамгаалахад шаардлагатай дэмжлэгийг хангалттай өгч чадаагүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зорилгодоо хүрсэн Оросын пуужин, дрон бүр Европын биелээгүй амлалтыг сануулж байна” гэж нэмж хэлжээ.
Украинд илүү их тусламж шаардлагатай
Европын Ардын намын Литвийн депутат Людас Мажилис ОХУ-ын цохилтоос үүдсэн сүйрлийн хэмжээ асар их болохыг тэмдэглээд, Европоос өгсөн одоогийн хүмүүнлэг болон санхүүгийн тусламж хохирлыг нөхөхөд хангалтгүй гэж үзжээ.
Дэлхийн банкны үнэлгээгээр Украины эрчим хүчний салбарын хохирол 68 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Мажилис “Харьцаа нь энгийн бөгөөд хатуу: бидний олгосон нэг евро тутамд Кремль хэдэн арав дахин их сүйтгэл учруулж байна. Хэрэв одоо илүү их нөөц дайчлахгүй бол маргааш бид илүү их үнэ төлнө – зөвхөн мөнгөөр бус, хүний амь нас, Европын аюулгүй байдлаар” гэж анхааруулжээ.
Барууны улс төрчдийн мэдэгдэл маргаан дагууллаа
Хэлэлцүүлгийн үеэр зүүн жигүүрийн зарим депутат хүртэл ОХУ-ын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.
Шведийн депутат Ли Андерсон “Путин өнөөдөр украинчуудыг урьд өмнөхөөс илүү хүчтэйгээр довтолж, тэднийг хэлэлцээрт буулт хийхэд хүргэхийг оролдож байна” гэж хэлээд, ОХУ-ын “сүүдрийн флот”-д чиглэсэн хоригийг чангатгах, Украинд илүү их санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэхийг уриалжээ.
Харин барууны чиглэлийн зарим депутат ЕХ-ны удирдлагыг русофобитой хэмээн буруутгасан байна.
Болгарын депутат Петр Волгин “АНУ, ОХУ-ын удирдагчид дайныг зогсоохыг оролдож байхад ЕХ эсрэгээрээ дайныг үргэлжлүүлэх бүхнийг хийж байна” гэж мэдэгдсэн нь танхимд шуугиан дэгдээжээ.
Германы “Ногоон” намын депутат Дамиан Безелагер “хүйтнээр үхэх” гэсэн утгатай “холодомор” гэх үгийг тайлбарлаад, “Энэ бол түүхийн номоос унших ёстой байсан дайны гэмт хэрэг, харин 2026 оны Европт бодитоор болж байна.
Энэ бол Путины бөмбөгнөөс үүдсэн бодит байдал” гэж хэлээд, “Хамтдаа энэ ‘хүйтний өлсгөлөн’-г зогсооё” хэмээн уриалжээ.
Эх сурвалж: DW












































































