Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2025 оны мал тооллогоор 501.3 мянган тэмээ тоолуулж, Монгол Улс хагас сая тэмээтэй болжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллан, “Түмэн тэмээний баяр”-ын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ “Ердөө хоёр жилийн өмнө 254 мянга байсан тэмээний тоо толгой хоёр дахин нэмэгдсэн нь малчдын хөдөлмөрийн үр дүнгээс гадна тэмээний баяртай салшгүй холбоотой” хэмээн онцолсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн “Түмэн тэмээний баяр”-ыг 1997 онд анх Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулж байв.
Тухайн үед тэмээн сүрэг цөөрсөөр 2002 он хүртэл улсын хэмжээнд 200 гаруй мянган толгой байсан юм. Тиймээс тэмээ үржүүлж өсгөх, говийн өвлийн аялал жуулчлалын бүс болгохоор эхлүүлсэн ажил ийнхүү зорилгодоо хүрчээ.
Энэ жилийн баярт дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчин 1000 гаруй тэмээтэй оролцож байна. Тэмээний баярыг үзэхээр 8000 орчим хүн ирснээс 200 гаруй нь гадаадын жуулчин байгааг зохион байгуулагчид мэдээлэв.
Энэ үеэр дөрвөн насны ангиллаар тэмээ уралдуулж, тэмээний парад, ингэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн явуулжээ.
Мөн тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах тэмцээн болсон байна. Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж буй тус баяр хоёрдугаар сарын 8-ныг дуустал болно.
Ташрамд сонирхуулахад, “Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй холбоотой олон дээд амжилт бичигдэж байжээ. Тухайлбал, 2016 онд 1108 тэмээ уралдуулан, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол 2024 онд тэмээ уяж хурдлуулдаг уяачдад улсын “Алдарт уяач” цол олгох болсон. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг “Тэмээний өдөр” болгон зарласан билээ.












































































