Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны анхны хурал өнөөдөр /2026.02.06/ болж, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцон, нээлтийн үг хэллээ.
Тэрбээр намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын хороод байгуулан мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийн бодит үнэлэлт, дүгнэлтийг нэгтгэн Бага хурлын II хуралдаанд танилцуулж, тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсныг тодотгов.
Мөн бодлогын хорооны хуралд намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг оролцож, тус хорооны шийдвэрийг Бага хуралд зөвлөмж байдлаар танилцуулах тул цаг хугацааны хувьд шахуу, идэвхтэй, үр дүнтэй ажиллах учиртайг онцоллоо.
Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Т.Найдан нар ажиллаж буй.
Бүрэлдэхүүнд нь Сангийн дэд сайд Б.Хулан, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, намын Бага хурлын гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан энэ салбарын туршлагатай, мэргэшсэн хүмүүс,
Монгол Ардын намын Санхүүгийн дотоод аудитор Ц.Норовжамц, Сан хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд, УИХ-ын даргын зөвлөх Б.Анар, Б.Дөлгөөн, Б.Булганчимэг, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, намын дэргэдэх байгууллагуудын гишүүд зэрэг олон талын төлөөлөл багтжээ.
Бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хорооныхоо ажиллах дүрэм, эдийн засаг, банк санхүүтэй холбоотойгоор цаашид ажиллах цар хүрээ, энэ салбартай холбоотой парламентын түвшинд хэлэлцэхээр төлөвлөж буй төслүүд, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар танилцуулав.













































































