Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод хоёрдугаар сарын 4-нд Орос, АНУ, Украин гурван талт хэлэлцээний эхний өдөр талууд дайныг зогсоох асуудлаар хаалттай горимоор зөвлөлдсөн байна. Хэлэлцээ хоёрдугаар сарын 5-нд үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
Украины нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан Axios хэвлэлд өгсөн мэдээлэлдээ уулзалтыг “үр дүнтэй” болсон хэмээн үнэлсэн бөгөөд хэлэлцээний явц, агуулга олон нийтэд нээлттэй биш байгаа аж.
Оросын төлөөлөгчдийг Жанжин штабын Ерөнхий газрын дарга, адмирал Игорь Костюков ахалж байгаа бол Украины талаас Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров хэлэлцээг удирдаж байна.
АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер, АНУ-ын армийн сайд Дэниел Дрисколл нар багтжээ.
Politico хэвлэл украин болон америк албан тушаалтнуудын хэлснээс иш татан мэдээлснээр, хэлэлцээний гол асуудал газар нутгийн маргаан, ялангуяа Донбассын ирээдүйн талаар байгааг онцолсон байна.
Донбассын асуудал – гол зангилаа
Москва болон Киевийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 23, 24-нд мөн Абу-Дабид АНУ-аас дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний хүрээнд анхны шууд хэлэлцээг хийсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд зарим асуудлаар тохиролцоонд хүрсэн ч газар нутгийн асуудал дээр санал нэгдээгүй хэвээр байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэлцээний эхний шатны дараа Донбассын асуудал шийдэгдээгүй цорын ганц гол асуудал хэвээр байгааг баталжээ.
Орос улс Украиныг цэргээ Донбассаас татахыг шаардсан бол Киев уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.
Донбасс нь олон улсын хэмжээнд Украины нутаг дэвсгэрт тооцогддог ч одоогоор зарим хэсэг нь Оросын цэргийн хяналтад байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь газар нутгийн маргааныг зөвхөн өөрөө биечлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: DW












































































