Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин, гэр сууцанд амьдарч буй 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтын системд шилжүүлэх ажлын явц 71.5 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар:-Уг ажлын хүрээнд БНХАУ-ын Haier, Hisense компаниас нийт 5,000 ширхэг хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллоныг хүлээн авахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр төхөөрөмжүүд нь эко, шөнийн болон энгийн гэсэн гурван горимоор ажиллах боломжтой.
Одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэгт хий цэнэглэх долоон цэг байгуулахаас тав нь ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж байна. Харин Баянгол дүүрэгт хий цэнэглэх зургаан цэгийг бүрэн бэлэн болгож, ашиглалтад оруулахад бэлэн болсон гэлээ.
Хийн түлш борлуулах цэгүүдийг тэсрэлтээс хамгаалсан цахилгааны тоноглол, албадмал болон албадмал бус агааржуулалтын систем, зөөврийн хий мэдрэгч, гал унтраах автомат болон гар төхөөрөмж, аваарын гарц, оч үсэрдэггүй резинэн шал, хамгаалалтын хашаа, камерын хяналт, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээгээр иж бүрэн тоноглож, аюулгүй байдлыг хангасан байна.
Мөн хийн халаалтын системд шилжүүлэхтэй холбоотойгоор сургагч багш, зааварлагч бэлтгэх, хийн түлш борлуулах цэгийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Нийслэлийн төсвөөс энэ онд сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтын зардал, борлуулалтын урамшуулал, шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгаан халаалтад шилжүүлэх арга хэмжээнд нийт 52 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.
Түүнчлэн 2025 онд байшин, сууцны дулаалга, хийн түлшний шугам сүлжээний холболтын систем, баллон цэнэглэх 22 цэг байгуулахад 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж.










































































