Алт, мөнгөний үнэ нэгдүгээр сарын 30-ны баасан гарагт дэлхийн зах зээл дээр огцом унав. Арилжааны явцад алтны үнэ 12 хувиар буурч, унц нь 5000 ам.долларын босгоос доошилсон байна. Энэ нь алтны хувьд 1980-аад оны эхнээс хойших, өөрөөр хэлбэл сүүлийн 40 гаруй жилийн өдрийн доторх хамгийн том уналт болжээ.
Мөнгөний хувьд үүнээс ч илүү ноцтой нөхцөл байдал үүсэж, үнэ нь ганцхан өдрийн дотор 36 хувиар унасан байна. Энэ нь тухайн металлын түүхэн дэх өдрийн доторх хамгийн том уналтын дээд үзүүлэлт болжээ.
Онцлох нь, алт болон мөнгө хоёулаа 2025 оны турш тогтвортой өсөлт үзүүлж байсан бөгөөд нэгдүгээр сард өсөлт нь бүр эрчимжиж, долоо хоногийн эхээр алт нэг өдөрт 220 ам.доллараар нэмэгдсэн билээ.
Холбооны нөөцийн сангийн нөлөө
Үнийн энэхүү огцом эргэлтийг шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдлагын томилгоотой холбоотой тодорхой бус байдал багассантай холбон тайлбарлаж байна.
Үүнээс өмнө хөрөнгө оруулагчид Дональд Трамп Холбооны нөөцийн системийн тэргүүнд бодлогын хүүг яаралтай бууруулахыг дэмждэг хүнийг томилж болзошгүй гэж болгоомжилж байсан бөгөөд энэ нь долларын ханш сулрах, инфляц өсөх эрсдэлтэй гэж үзсэнтэй холбоотой аж.
Гэвч саяхан уг албан тушаалд ХНС-гийн хуучин захирал, Трампын ойрын хамтрагч Кевин Уоршийг нэр дэвшүүлэх талаар мэдээлэл гарсан нь зах зээлд урьдчилан таамаглах боломжтой мөнгөний бодлого хэрэгжинэ гэсэн дохио болжээ. Үүний улмаас доллар чангарах хандлага ажиглагдаж, үнэт металлын эрэлт суларсан байна.
Хэдийгээр Уорш олон нийтэд хүүг бууруулахыг дэмждэг байр суурь илэрхийлж байсан ч шинжээчид түүнийг Цагаан ордны бусад боломжит нэр дэвшигчидтэй харьцуулахад илүү найдвартай, тогтвортой сонголт гэж үзэж байна.
Геополитикийн хурцадмал байдал
Баасан гаргийн уналтаас өмнө алт, мөнгөний үнэ дэлхийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас өссөөр байв. Үүнд Вашингтоны үйл ажиллагаа тодорхой хэмжээнд нөлөөлсөн бөгөөд зах зээлд түгшүүр үүсгэсэн хүчин зүйлсэд:
-Дональд Трампын худалдааны түрэмгий бодлого,
-Газын зурвас дахь мөргөлдөөн,
-Украины дайн,
-Венесуэлийн удирдагч Николас Мадурог хулгайлсан явдал,
-АНУ-ын Ерөнхийлөгчийн Гренландыг нэгтгэх тухай заналхийлэл багтаж байв.
Эдгээр нөхцөлд дэлхийн хөрөнгө оруулагчид болон төв банкууд алтыг “хамгаалалтын хөрөнгө” гэж үзэн, идэвхтэй худалдан авч байжээ.
Шинжээчдийн хэлж буйгаар, олон улс АНУ-ын бодлогоос хараат байдлаа багасгах, мөн болзошгүй хориг арга хэмжээнээс хөрөнгөө хамгаалахын тулд алтны нөөцөө нэмэгдүүлсээр байна.
Эх сурвалж: DW












































































