“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадам ес хоногийн дараа эхэлнэ. Дэлхийн 92 орны 2900 гаруй шилдэг тамирчин 8 спортын төрөл, 16 дэд төрөлд 116 багц медалийн төлөө хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх юм.
Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанаар Батмөнхийн Ачбадрах, Энхбаярын Ариунтунгалаг, харин уулын цанаар анх удаа Алтанзулын Ариунбат нар оролцох эрхээ авчээ.
Сүүлийн таван олимпын наадамд Монголын баг зөвхөн хоёр тамирчнаар оролцож байсан бол энэ удаад гурван тамирчин оролцож буй нь түүхэн амжилт юм.
Тамирчид энэ сарын 14-нд Европыг зорьж, Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцсоноос гадна олимпын уралдаан болох газарт байрлан цагийн зөрүүд дасах бэлтгэлээ базааж байгаа ажээ.
Алтанзулын Ариунбат – Уулын цана
Алтанзулын Ариунбат 2005 оны 12 дугаар сарын 7-нд төрсөн, үндэсний шигшээ баг болон Хилийн 0208 дугаар тусгай салбарын Хилчин спорт хорооны тамирчин. Тэр 2025 онд олон улсын дөрвөн гараатай тэмцээнээс 108.18 онооны дунджаар олимпын эрхээ авч, “Бөртэ Чоно–2025” наадмын шилдэг тамирчны нэр дэвшүүлэгт багтжээ.
Цанын спортын гэр бүлд өссөн тэрээр таван настайгаасаа цанаар гулгаж эхэлсэн бөгөөд сүүлийн таван жилд БНСУ-ын дасгалжуулагч Чан Ин Суб болон шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэн нарын удирдлага дор мэргэжлийн түвшинд бэлтгэл хийжээ.
А.Ариунбат олимпын уулын цанын слалом төрөлд оролцох бөгөөд зорилгоо “олимпын хоёр гараагаа амжилттай дуусгах” гэж тодорхойлсон байна.
Батмөнхийн Ачбадрах – Гүйлтийн цана
Батмөнхийн Ачбадрах 1994 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн, Хилчин спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер. Тэр өмнө нь “Пёнчан–2018” болон “Бээжин–2022” олимпын наадамд оролцсон туршлагатай бөгөөд 2026 оны олимпын эрхээ 2024 оны хоёрдугаар сард болсон ДАШТ-ээс авчээ.
Гүйлтийн цанын спортын гэр бүлд өссөн Батмөнхийн Ачбадрах нь ДАШТ-д “В” зэрэглэлийн медаль хүртсэн анхны монгол тамирчин юм. Тэр өмнөх олимпын наадмуудад 94 болон 65-р байранд орж байсан бөгөөд “Милан-Кортина 2026”-д Монголын болон хувийн рекордоо шинэчлэх зорилготой оролцох аж.
Энхбаярын Ариунтунгалаг – Гүйлтийн цана
Энхбаярын Ариунтунгалаг 1997 оны 1 дүгээр сарын 15-нд төрсөн, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Соёл, спортын төвийн дарга, дэслэгч цолтой. Бага наснаасаа ээжийгээ даган цанаар гулгаж эхэлсэн бөгөөд биатлоны төрлөөр хичээллэж байсан нь түүний тэсвэр хатуужил, сэтгэлзүйн бэлтгэлд нөлөөлжээ.
2018 онд олимпод оролцох боломж байсан ч хувийн шалтгаанаар оролцож чадаагүй. 2022 онд Пёнчаны олимпын уралдаанд оролцож, 2025 онд Норвегт болсон ДАШТ-д амжилттай уралдаж олимпын эрхээ авсан. Ариунтунгалаг анхны олимподоо чадлынхаа дээдээр оролцох зорилготой байна.












































































