Нийслэлд замын хөдөлгөөний дүрэм зөрчлийг бууруулах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд 2024-2025 онд олон шинэчлэл хийгдсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төв, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүд байгуулсан билээ.
Эдгээр төвүүдэд холбогдсон 2600 гаруй ухаалаг камерыг хотын 176 уулзвар, гарц, замд шинээр суурилуулжээ. Үр дүнд нь иргэд замын хөдөлгөөнд илүү соёлтой оролцож, зөрчлийн тоо буурч, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж нэмэгдсэн байна.
Ухаалаг камерууд болон камерын хяналтын төвүүдийн ачаар хөдөлгөөнд өгөгдөлд суурилсан дүгнэлт хийх, гэрэл дохионы горимыг зорчих хөдөлгөөнд нийцүүлэн тохируулах боломжтой болсон.
Тухайлбал, уулзваруудын гэрэл дохионы тоог 50 хувиар бууруулж, нэг албан хаагчид ноогдох ачааллыг багасгажээ. Ингэснээр оргил ачааллын үед хөдөлгөөн илүү оновчтой зохицдог болсон байна.
Хотод бүртгэгддэг зөрчлийн 80 орчим хувь нь гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл эзэлдэг.
Шинэ системээр эдгээр зөрчил илэрч, сануулах мессэжээр мэдээлэх болсон нь хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлсэн аж. Үүний үр дүнд зөрчлийн тоо 16300-гаар буурсан бөгөөд уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдсэн байна.
Систем нэвтрэхээс өмнө 50 уулзварын гэрэл дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан бол өнөөдөрийн байдлаар 93 уулзварын гэрэл дохиог ижил тоогоор зохицуулж байна.
Мөн 2025 оны наймдугаар сарын 15-наас хойш хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй эсвэл буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг бууруулсан байна. Тээврийн осол, саадыг цаг алдалгүй илрүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан нь иргэдийн хөдөлгөөнийг хөнгөвчлөхөд чухал нөлөө үзүүлжээ.
2025 онд нийт 27,879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй, скүүтерийг зорчих хэсгээс чөлөөлсөн байна. Улаанбаатар хотын ухаалаг замын хөдөлгөөний шинэ систем нь замын хөдөлгөөний дүрмийг сахих соёлыг нэмэгдүүлж, осол, зөрчил, түгжрэлийг бууруулахад бодитой үр дүн үзүүлжээ.












































































