Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам – 2026” арга хэмжээ 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадам нь Монгол орны өвлийн улирлын үзэсгэлэнт байгаль, ёс заншил, өв соёл, дахин давтагдашгүй онцлогийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлан таниулахын зэрэгцээ уламжлалт өвийг залуу үед өвлүүлэн үлдээх, шинээр хөгжиж буй өвлийн экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалах ач холбогдолтой юм. “Улаанбаатарын өвлийн наадам – 2026” нь 2026 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Скай Резорт цанын баазад зохион байгуулагдана.
Тэмцээн, уралдаанууд Наадмын хүрээнд дараах спортын тэмцээн, уралдаанууд болох юм. Үүнд:
• Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн
• Мөсний шагайн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
• Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
• Параглайдинг (уулын шүхэр)-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
• Цасны регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн • Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
• Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
• Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
• “Гранд тур (Winter Cup)” аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн .
Мөн наадмын үеэр үзэгч, зочдод зориулсан дараах үзүүлбэр, үйлчилгээ үзүүлнэ.
• Шүхрийн үзүүлбэр
• Шувуулахуйн үзүүлбэр
• Монгол банхар нохойн танилцуулга
• Хоол, ундны үйлчилгээ
• Цана, чарганы түрээсийн үйлчилгээ
• Урлагийн тоглолт
Уг наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ зэрэг орноос Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин хүрэлцэн ирж оролцох юм.












































































