Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотод цахилгааны хязгаарлалт хийснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг бухимдуулаад зогсохгүй Монгол Улсын эрчим хүчний салбар ямар эмзэг, ямар түвшинд “гал алдсан”-ыг дахин нэг удаа тод харууллаа.
Дулааны IV цахилгаан станцын гэмтэл, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадлын доголдол нь ганц удаагийн осол биш, харин олон жил хуримтлагдсан бодлогын алдаа, хөрөнгө оруулалтын үр ашиггүй байдал, менежментийн доройтлын илрэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Хэдхэн гэмтэл — бүхэл хотын эрсдэл
ДЦС-IV бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн ч 300 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц ердөө 180–200 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна.
Хүйтний эрч чангарч, нүүрс дамжуулах систем хөлдсөнтэй холбоотойгоор 40 орчим ажилтан гараар засвар хийхэд хүрсэн нь XXI зуунд байж боломгүй дүр зураг юм.
Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний систем өвлийн оргил ачааллын үед 150-200 МВт-ын нөөцийн дутагдалтай ажилладаг. Энэ нь нэг том станц доголдоход л Улаанбаатар хот бүхэлдээ “харанхуйлах” бодит эрсдэл буйг шинжээчид онцолж байна.
Сэргээгдэх эрчим хүч “аврагч” байж чадсангүй
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг шийдэл мэтээр ярьж ирсэн ч бодит нөхцөл дээр салхи, нар хүйтний оргил үед бараг оролцоогүй нь асуудлыг улам хурцатгалаа.
155 МВт суурилагдсан хүчин чадалтай гурван салхин станц ердөө 0-20 МВт орчим эрчим хүч нийлүүлсэн нь системийн найдвартай байдлыг хангаж чадахгүй буйг харуулж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг системийн уян хатан байдал, хуримтлуур, ухаалаг зохицуулалтгүйгээр оруулснаар “тоон дээр сайхан, бодит дээр сул” бүтэцтэй болжээ.
Гурван арван жил гацсан ДЦС-V
ДЦС-III-ын дэлбэрэлт, ДЦС-IV-ийн зуухны эвдрэл нь эрчим хүчний салбар богино хугацаанд “гал унтраах” ажиллагаанд шилжсэнийг илтгэнэ. Үүний зэрэгцээ сүүлийн 30 гаруй жил яригдсан ч хэрэгжээгүй Дулааны V цахилгаан станцын төсөл өнөөдрийг хүртэл цаасан дээр үлдсэн хэвээр байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС-V-ийн ажлыг ирэх хоёрдугаар сараас эхлүүлнэ гэж мэдэгдсэн нь эерэг дохио боловч энэ нь аль хэдийн хэтэрхий оройтсон шийдэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Хэрэв ДЦС-V 10 жилийн өмнө баригдсан бол өнөөдрийн эрчим хүчний хязгаарлалтын асуудал яригдахгүй байх байлаа.
Их мөнгө, бага үр дүн
Сүүлийн таван жилд улсын төсвөөс эрчим хүчний салбарт 743.4 тэрбум төгрөг, нийтдээ 1.3 их наяд төгрөгөөс давсан хөрөнгө зарцуулжээ. 2026 онд тус салбарт 317.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2021 оныхоос найм дахин өндөр дүн юм.
Мөн сүүлийн 8-9 жилд гадаадын зээл, тусламжаар 1.5 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн ч салбарын алдагдал бараг 1 их наяд төгрөгт хүрч, төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн татаас олгосон хэвээр байна. Энэ бүхэн “их мөнгө зарцуулсан ч тогтвортой систем бий болгож чадсангүй” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Зах зээлгүй салбар – засал авдаггүй салбар
Эрчим хүчний салбарын гол гажиг нь зах зээлийн зарчим огт ажилладаггүйд оршиж байна. Хууль эрх зүйн орчин хэт төвөгтэй, зөвшөөрлийн шат дамжлага олон, хувийн хэвшлийн оролцоо бараг боломжгүй шахуу.
Аж ахуйн нэгж өөрийн хэрэглээг хангах цахилгаан станц барихын тулд газрын зөвшөөрөл авахын тулд 6 сар, бичиг баримтад нийтдээ 1.5 жил зарцуулж байна.
Өрсөлдөөнгүй, алдагдлыг нь төсвөөс нөхдөг, тарифыг нь улс төрийн шалтгаанаар барьдаг энэ тогтолцоо хэвээр үргэлжилвэл эрчим хүчний салбар “засал авдаггүй салбар” хэвээр үлдэнэ.
Иргэд, үйлдвэрлэл хохирч байна
Цахилгааны хязгаарлалт айл өрхүүдийн ахуйн хэрэгцээг зогсоогоод зогсохгүй үйлдвэрлэлийн салбарт бодит хохирол учруулж эхэллээ. “УБЦТС” ТӨХК-тай хийсэн гэрээний дагуу хохирлоо нэхэмжлэх боломжтой ч бодит нөхөн төлбөр авах нь амаргүй.
Тухайлбал, “Түмэн Шувуут”, “Сүү” ХК зэрэг томоохон үйлдвэрлэгчид хязгаарлалт үргэлжилбэл үйлдвэрлэл доголдох эрсдэл үүссэнийг анхааруулж байна.
Гарцаагүй хийх шинэчлэл
Монгол Улс эрчим хүчний салбарт:
- Том чадлын суурь эх үүсвэрийг яаралтай нэмэх
- Сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуур, ухаалаг системтэй уялдуулах
- Хууль эрх зүйн орчныг эрс шинэчлэх
- Чөлөөт өрсөлдөөнд суурилсан зах зээлийн тогтолцоонд шилжих
гэсэн бодлогын шийдвэрүүдийг нэн даруй гаргах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Өнөөдрийн нөхцөл байдал бол сануулга биш, харин дохио юм. Хэрэв одоо бодит реформ хийхгүй бол Монгол Улс эрчим хүчний хувьд бүрэн утгаараа гал алдана.












































































