АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн цэргүүд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагааны үеэр шинэ, нууц зэвсэг ашигласан” гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухай “New York Post” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Трампын хэлснээр уг зэвсгийг “The Discombobulator” хэмээн нэрлэсэн бөгөөд Мадурог баривчлах ажиллагаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн аж. Мөн тус төхөөрөмж нь Хятад болон Орост үйлдвэрлэсэн Венесуэлийн цэргийн техник хэрэгслийг ажиллагаагүй болгоход ашиглагдсан гэж тэрбээр онцолжээ.
Үүнтэй холбоотойгоор CNN телевизийн эх сурвалжууд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам ойролцоогоор жилийн өмнө “Хаванагийн синдром” үүсгэх боломжтой байж болзошгүй төхөөрөмж худалдан авсан тухай мэдээлсэн байна.
“Хаванагийн синдром” гэдэг нэршлийг 2016 оноос хойш дэлхийн янз бүрийн улс оронд ажиллаж буй АНУ-ын төрийн албан хаагчдад илэрч буй тайлбарлашгүй, үл мэдэгдэх шинж тэмдгүүдэд хэрэглэдэг.
Анх Кубын Хавана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад тасралтгүй чимээ сонсогдох, чих болон толгой өвдөх, толгой дотор чичирхийлэл, даралт мэдрэгдэх, толгой эргэх зэрэг зовууриуд илэрсний дараа ийнхүү нэрлэх болсон юм.
Одоогоор уг хам шинжийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй ч бичил долгионы нөлөөнөөс үүдэлтэй байж болзошгүй хэмээн таамагладаг.
“New York Post” сонин баривчлах ажиллагаанд оролцсон эх сурвалжуудаас эш татан мэдээлэхдээ, Америкийн цэргүүд дайралт хийж эхлэх үед Венесуэлийн ерөнхийлөгчийн бие хамгаалагчдын заримын хамраас гэнэт цус гоожиж, зарим нь цусаар бөөлжсөн хэмээн бичжээ.
Харин Венесуэлийн Батлан хамгаалах яам уг ажиллагааны үеэр 83 хүн амиа алдсан гэж албан ёсоор мэдээлсэн байна.
Нэгэн эх сурвалж тухайн мөчийг дурсахдаа:
“Тэд ямар нэгэн зүйлийг идэвхжүүлсэн. Яг юу болохыг нь хэлэхэд хэцүү. Маш хүчтэй дууны долгион мэт санагдсан. Гэнэт толгой минь хагарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн” хэмээн ярьжээ.
Дональд Трамп шинэ зэвсгийн талаар нэмэлт техникийн мэдээлэл өгөөгүй бөгөөд уг мэдэгдэл нь олон улсын хүрээнд эргэлзээ, маргаан дагуулаад байна.
Эх сурвалж: DW












































































