АТГ-аас мэдээлснээр, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2023 оны зургадугаар сараас шалгаж эхэлсэн байна.
Шалгалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Эс Жи групп” ХХК нь 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр Эрчим хүчний яамнаас цахилгаан дамжуулах шугам, дэд станц байгуулах барилга угсралтын ажлын техникийн нөхцөл авсан нь тогтоогджээ.
Гэвч тус аж ахуйн нэгж нь техникийн нөхцөл болон барилга угсралтын ажлыг эхлүүлэх албан ёсны зөвшөөрөл аваагүй байхдаа барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, улмаар холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Авлигатай тэмцэх газраас энэ хэрэгтэй холбогдуулан “Эс Жи групп” ХХК, Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК, мөн Эрчим хүчний яамны нэр бүхий албан тушаалтнуудыг хахууль өгсөн, авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа талаар мэдээлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлийн дагуу Баян-Өлгий аймагт хоёр, Улаанбаатар хотод гурван объектод нэгжлэг хийж, үнэт эдлэл болон их хэмжээний гадаад валют хураан авсан байна.
АТГ-аас одоогийн байдлаар “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон иргэн Ц.Мөнхбаяр (өмнө нь Эрчим хүчний яаманд удирдах албан тушаал хашиж байсан, одоо хувийн компанийн захирал) нарыг хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байгаа талаар мэдээллээ.












































































