Төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг нэгтгэх зорилготой Төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Business” системийн мобайл хувилбарыг 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээхээр боллоо.
Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготой ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар танилцууллаа. Тус ажлын хэсэг нь төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүх үйлчилгээг нэг цонхоор, цахим хэлбэрээр үзүүлэх үүрэгтэй юм.
Ажлын хэсгийн хүрээнд төрийн байгууллагуудаас аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулах чиглэлээр судалгаа хийж, эдгээр үйлчилгээг үе шаттайгаар “E-Business” системд нэгтгэхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд системийн портал хувилбарыг 2026 оны зургаадугаар сарын 20-ны өдөр нээхээр ажиллаж буй аж.
“E-Business” системийг нэвтрүүлснээр аж ахуйн нэгжүүд дараах боломжуудыг авах юм. Үүнд:
- Хуулийн этгээдийн нэрийг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар баталгаажуулах
- Системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах
- Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл харах
- Үйлчилгээний явцын талаарх мэдэгдэл хүлээн авах
- Хуулийн этгээдийн цахим гэрчилгээ, дүрмийн хуулбар авах
- Төрд бүртгэлтэй мэдээллээ хянах
- Аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах
- Холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм.
Цаашид аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд ээлтэй болгох зорилгоор холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, өөрчлөх санал боловсруулахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр орчуулан хүргэхээр төлөвлөж байна.
Энэхүү ажил нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах” ажлын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд төрийн үйлчилгээний нэгдсэн системийг “E-Business” платформд нэгтгэх ажил амжилттай үргэлжилж байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.












































































