Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2026.01.23/ мэдээлэл хийж, Ерөнхий сайдад хандан хохирлыг барагдуулах, хэргийг шуурхай шийдвэрлэх хүсэлтээ илэрхийллээ.
Тус ослоор нөхрөө алдсан н.Батчимэгийн хэлснээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд холбогдох бүхий л албан тушаалтнуудтай уулзахыг хичээсэн ч өнөөдрийг хүртэл тэднийг хэн ч хүлээж авч уулзаагүй, уучлалт гуйгаагүй, хохирлыг барагдуулаагүй байна. Мөн хууль хяналтын байгууллагууд тодорхой шийдвэр гаргалгүй, хэрэгт ахиц дэвшил гаргаагүйг онцоллоо.
Тэрбээр “Би гурван хүүхэдтэй. Манай нөхөр тухайн ослоор амиа алдсан. Энэ хугацаанд биднийг төр үнэхээр хөсөр хаялаа. Ерөнхий сайд Г.Занданшатарт 2025 оны арваннэгдүгээр сард уулзах хүсэлт хүргүүлсэн ч 2026 оны нэгдүгээр сард уулзах боломжгүй гэсэн хариу авсан. Биднийг ялгаварлан гадуурхаж байна гэж харж байна” гэв.
Түүнчлэн шатсан 207 дугаар байрны оршин суугчдын байрыг буулгаж, шинээр барьж өгөхөөр шийдэн, түрээсийн зардлыг нь төлж байгаа атлаа хүнээ алдсан иргэдийн асуудлыг орхигдуулж байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. “Бид бусадтай барьцаж байгаа юм биш. Гэхдээ бид ч бас хүнээ алдсан. Хэрвээ хохирогчдын дунд өндөр албан тушаалтай, нөлөө бүхий хүн байсан бол ингэж хандахгүй байсан болов уу” хэмээн тэрбээр хэллээ.
Мөн тухайн үед сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулна гэж мэдэгдэж байсан ч хүнээ алдсан даруйд үнэлүүлэх шаардлагагүй гэж тайлбарлаж байснаа сануулсан юм. Харин 1.5 жилийн дараа дахин дуудаж, сэтгэл санааны хохирлоо заавал үнэлүүлэхгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэх болсон нь иргэдийг бухимдуулж буйг онцлов. Үүнээс гадна ослын үеэр шатсан автомашины татварыг өнөөдрийг хүртэл нэхэмжилж байгааг ч дурдсан юм.
Тус ослоор аавыгаа алдсан Б.Эрдэнэ-очир “2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө миний аав Төмөрбаатар тухайн уулзвараар зорчиж яваад түлэгдэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хоёрдугаар сарын 7-нд нас барсан. Төр тэнд хэн нэгний хайртай хүн зүгээр явж байгаад амиа алдсаныг мартсан мэт байна. Хэрэг ямар шатандаа явж байгаа нь тодорхойгүй, сэтгэцийн хохирлоо үнэлүүлэхгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэх шаардлага тавьж байна” гэлээ.
Харин н.Батбаатар “Аав маань төрд 36 жил ажиллаад тэтгэвэртээ суух ганцхан жилийн өмнө энэ ослоор амь насаа алдсан. Төр биднийг үнэхээр орхигдуулж байна. Анх үнэлүүлэх шаардлагагүй гэж хэлсэн атлаа одоо болохоор үнэлүүлэхгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сануулахад, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн ачааны машин “Nissan Patrol” автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, улмаар дэлбэрэлт болсон.
Энэхүү ослын улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн нийт долоон хүн амиа алдаж, 207 дугаар байрны оршин суугчид хоёр жилийн турш түрээсийн байранд амьдарч байна.
Одоогийн байдлаар 207 дугаар байрыг бүрэн буулгаж дууссан бөгөөд нийслэлийн удирдлагууд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байгаа юм.












































































