Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нөөцийн махны худалдааг албан ёсоор эхлүүлээд байна. Тодруулбал, Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд нийт 375 хүнсний дэлгүүрээр дамжуулан нөөцийн махыг борлуулж буй юм.
Энэ жил нөөцийн махны үнийг тогтвортой байлгах зорилгоор хонины махыг нэг килограммыг нь 13000 төгрөгөөр, үхрийн махыг 15000 төгрөгөөр тус тус худалдаалахаар тогтсон.
Иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, чанартай махыг зах зээлийн үнийн өсөлтөөс хамгаалах зорилготой уг арга хэмжээ нь хаврын улирал дуустал үргэлжлэх юм.
Нийслэлийн хэмжээнд нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах байна. Нөөцийн махыг стандартын шаардлага хангасан үйлдвэрүүдэд боловсруулж, зориулалтын хөлдөөгч, агуулахад хадгалжээ.
Мөн нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт шалгалт хийж байгаа аж. Энэ оны нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нийт хоёр удаагийн шалгалт зохион байгуулсан байна.
Шалгалтаар махны хадгалалт, тээвэрлэлт, худалдаа холбогдох стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьжээ.
Нөөцийн махны худалдаа нь иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, махны үнийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ч хяналт, зохицуулалтыг тогтмол хэрэгжүүлэх юм байна.
УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.
Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн.
Бид махны харьцаанд анхаарч байна. Тухайлбал, үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.
Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд, өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг.
Бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон махаа бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11-12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэж мэдээлсэн юм.
Б.АНУ












































































