АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Air Force One нисэх онгоцны электрон төхөөрөмжийн доголдлын улмаас онгоц замаасаа буцаж, цэргийн нисэх хүчний баазад газарджээ. Гэвч тэрбээр Давос хотод товлосон цагтаа ирж, Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс үг хэллээ. Энэ тухай мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Трамп үг хэлэхдээ АНУ-ын өмнөх засаг захиргаа, Европын нөхцөл байдал, Гренланд, Украин, Венесуэл, АНУ-ын худалдаа эдийн засгийн бодлогын талаар онцолжээ.
Трампын хэлсэн гол үгс
АНУ-ын өмнөх засаг захиргааны шүүмжлэл:
“Өмнөх Ардчилсан намын засаг захиргаа улс орноо эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцанд ч сулруулсан. Харин миний баг энэ бүхнийг засаж залруулж чадсан.”
Европын талаар:
“Би Европт хайртай, энэ тив хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг. Гэтэл европчууд буруу чиглэлд явж байна. Одоогийнх нь байдлаар би Европыг хүлээн зөвшөөрөхгүй.”
“Олныг хамарсан цагаачлалыг хянаж чадахгүй байгаа, төсвийн ба худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсэн, эрх баригчид юу хийхээ мэдэхгүй байна.”
Гренландын асуудал:
“АНУ хүссэн зүйлээ авахын тулд хүч хэрэглэхгүй. Гэхдээ энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан, хөгжүүлж чадна. Арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийх ёстой”
Украины тухай:
“Украинд болж буй дайныг зогсооход НАТО туслах ёстой. Путин, Зеленский нар энхийн гэрээ байгуулахыг хүсэж байна. АНУ НАТО-г 100 хувь дэмжиж байгаа, гэхдээ холбоотнууд АНУ-д мөн адил хандаж байгаа эсэхэд эргэлзэж байна”
Венесуэлийн талаар:
“Ойрын зургаан сарын дотор венесуэлчүүд тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгө олно”
АНУ-ын худалдаа, эдийн засгийн бодлого:
“Манай улс ганцхан жилийн дотор сар тутмын худалдааны алдагдлаа 77 хувиар бууруулсан. Гангийн үйлдвэрүүд олноор баригдаж байна. АНУ-ын худалдааны нийт эргэлтийн 40 хувийг эзэлдэг Европ, Өмнөд Солонгос, Японтой худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан”
Энэ удаагийн Давосын чуулга уулзалтад Ерөнхийлөгч Трампыг дагалдан 300 гаруй улстөрч, албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд иржээ.
Эх сурвалж: KAZINFORM












































































