Өнөөдөр 16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Ц.Дагвадоржид холбогдох хэргийн шүүх хурал 10.00 цагт эхэлнэ. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд хаалттай болж, шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Хэргийг сануулахад, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин сууж байсан 20 настай Ц.Дагвадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор амь хохирогчдын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан хэрэг гарсан.
Прокурорын байгууллага уг хэрэгт холбогдуулан Ц.Дагвадорж болон Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэвч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа шаардлагатай гэж үзэн, хэргийг прокурорт буцаасан юм.
Улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг дуусгасны дараа уг хэргийг дахин шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр өмнө нь хохирогчоор татагдаж байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна.











































































